Урлаг таашаахын учир: Арт терапи буюу урлагаар сэтгэл зүйгээ анагаах нь
Үзэсгэлэнтэй уран баримал, уран зургийг харах үед хүний сэтгэл санаа яагаад баясдаг юм бол? Тэрхүү сайхан мэдрэмж нь бидний бие махбод, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ гэх асуулт бидний анхаарлыг татаж, энэхүү асуудлын тухай судалж байх явцдаа урлагийг ойлгон таашаадаг байх нь бидний төсөөлж байснаас ч илүү эерэг үр дагавартай болохыг олж мэдлээ. Тодруулбал уран зураг харах, урлагийн бүтээлийг мэдрэх нь эерэг үр дагавартай болохыг баталсан олон судалгаа хийгдсэн байдаг ба цаашлаад урлагаар дамжуулан бие махбод, сэтгэл санаагаа анагаах боломжтой ажээ.
Урлаг таашаахын давуу тал
Лондонгийн их сургуулийн нейробиологич, профессор Семир Зеки сонгодог уран зураг ширтэх үед хүний тархинд дурласантай ижил мэдрэмж төрж, аз жаргалтай болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тэрээр уг судалгааг явуулахдаа Сандро Боттичеллигийн "Венера мэндэлсэн нь", Иероним Босхын гурамсан бүтээл болон Клод Моне, Леонардо Да Винчи зэрэг уран бүтээлчдийн 30 орчим алдартай уран зургуудыг судалгаанд оролцогчдод харуулан, тархины үелзлийг бичин авчээ.
Сандро Боттичеллигийн "Венера мэндэлсэн нь", Жон Констеблийн "Солсберийн сүм" зэрэг үзэсгэлэнтэй, нүд баясгасан уран бүтээлийг ширтэх үед тархинд таашаал, аз жаргалыг нэмэгдүүлэгч дофамин даавар ялгарч, цусны эргэлт хайртай нэгнээ харсан мэт түргэссэн бол, Иероним Босх болон Оноре Домье зэрэг зураачдын хүйдэс, хачирхалтай мэдрэмж төрүүлэм бүтээлийг харах үед цусны эргэлт болон дааврын ялгарал багассан ч тархины үйл ажиллагаа идэвхэжсэн хэвээр байжээ.
Түүнчлэн Австралийн Квинслендийн их сургуулиас явуулсан судалгаанд уран зургийн галерей, музейгээр зочлох нь байгальд аялал хийсэнтэй дүйцэхүйц мэдрэлийн ядаргаа тайлдаг болохыг баталсан байдаг. Уран зураг, урлаг нь насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдэд ч бас эерэг нөлөөтэй. Тухайлбал урлагийн музейгээр орох дуртай бага насны хүүхдүүд энгийн хүүхдүүдээс илүү өргөн цар хүрээгээр сэтгэж, асуудал шийдвэрлэхдээ илүү гаргууд байдгийг энэхүү судалгаанд өгүүлжээ.
"Арт терапи" буюу урлагийн сэтгэл засал
Уран зураг, урлагийг таашааж ойлгох нь сэтгэл санаа, бие махбодод эерэг нөлөө үзүүлдгийг олон судалгаа баталсан ба орчин үеийн анагаах ухаанд "Арт терапи" буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх боллоо. Тодруулбал арт терапи нь хүний бүтээлч үйл ажиллагааг идэвхжүүлэн өөрт тохиолдож буй бэрхшээлтэй асуудлыг урлагийн хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлж, тухайн асуудлын мөн чанарыг ойлгох, түүнийг шийдвэрлэхэд туслах нэг төрлийн сэтгэл заслын арга ажээ. Арт терапид зураг зурахаас гадна яруу найраг, бүжиг, хөгжим зохиох гээд урлагийн бүхий л төрлийг ашиглаж болдог.
Нэгэн судалгаанд хорт хавдартай хүмүүст арт терапи хийснээр сэтгэлийн түгшүүр багасч, эерэг зүйлсэд анхаарлаа хандуулан түгшүүрийн түвшин нь буурсан үзүүлэлт ажиглагдсан бол, өөр нэг судалгаанд арт терапи нь ой тогтоолтыг сайжруулдаг болохыг тогтоожээ. Учир нь уран бүтээл туурвих үед сөрөг мэдрэмж арилж, анхаарал төвлөрөл сайжран асуудалд илүү бодитоор ханддаг болохыг сэтгэл судлаач Шелли Карсон нэгэн судалгаанд тэмдэглэсэн байна.
Эцэст нь дурдахад урлагийн давуу талыг тоочвол тоолж баршгүй их ба завгүй амьдралын хэв маяг давамгайлах болсон өнөө цагт урлагийг таашааж, урлагийн бүтээл туурвих нь амар тайван байх хамгийн хялбар атлаа сонирхолтой арга замын нэг гэдгийг дээрх судалгаануудын үр дүн нь баталж байна.