Хайх

“Bilingual” буюу хоёр хэлийг хослуулан дуу, хөгжмөө толилуулдаг уран бүтээлчидтэй танилцацгаая

“Bilingual” буюу хоёр хэлийг хослуулан дуу, хөгжмөө толилуулдаг уран бүтээлчидтэй танилцацгаая

Шинэ эриний дуучид

Text: Buro.Mongolia


Сүүлийн үед үндэс угсаа, төрөлх хэлээрээ бахархах сэтгэлийг илтгэсэн дуу, хөгжим АНУ-ын хөгжмийн салбарт томоохон байр суурийг эзлээд байгаа билээ. Тодруулбал, олон алдартай дуучид өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулан үндэс угсаагаа бусдад танилцуулж, бахархах сэдэл төрүүлэм хөгжим толилуулах нь цөөнгүй тохиож байна. Хүмүүсийн үзэж буйгаар энэхүү үзэгдэл нь цагаачдын нийгэмлэгт цоо шинэ орон зайг бий болгож байгаа юм. Мөн ийн хүсэлтэй уран бүтээлчдийн тоо нэмэгдэх тусам энэ нь зүгээр нэг түр хугацааны үзэгдэл биш харин дуу хөгжмийн салбарын нэгэн чиглэл болох боломжтойг харуулж байгаа билээ.

Бид энэ удаад хоёр ба түүнээс дээш хэлийг хослуулан уран бүтээлээ туурвиж орон орны хүмүүст дуу, хөгжмөө хүргэж буй залуу уран бүтээлчдийг онцолж байна.

Erangerang

“Bilingual” буюу хоёр хэлийг хослуулан дуу, хөгжмөө толилуулдаг уран бүтээлчидтэй танилцацгаая (фото 1)

Солонгос гаралтай рэппер, дуучин Erangerang ямарваа нэгэн хэвшмэл ойлголт, хязгаарлагдмал байдлыг эвддэг нэгэн билээ. Тэрээр Жежү арал дээр өссөн ба 13 насандаа АНУ руу нүүжээ. Олны таамаглалаар өндөр амжилтад хүрэх уран бүтээлч дийлэнх дуунууддаа Солонгос болон Англи хэлийг хослуулдаг. Мөн тэрээр хатуу цохилттой трэп хип хоп, уянгалаг R&B болон Korean soul урсгалуудыг нэгэн зэрэг цогцлоодог уран бүтээлч юм. Erangerang 2018 онд гаргасан “Eden” нэртэй дебют богино хэмжээний EP цомгоороо сэтгэл хөдөлгөм дуу хоолой болон авьяас чадвараа баталж чадсан билээ. Харин өнгөрөгч 2020 онд олны хүртээл болсон “Nothing Changed”, “Foreign Exchange” зэрэг дуунууд нь түүнийг хайрцгаасаа гадагш сэтгэж, өөр өөр төрлийн урсгалуудыг зоригтой туршдаг нэгэн гэдгийг нь харуулсан байна.

Luna Luna

“Bilingual” буюу хоёр хэлийг хослуулан дуу, хөгжмөө толилуулдаг уран бүтээлчидтэй танилцацгаая (фото 2)

Kavvi дуучны үүсгэн байгуулсан Luna Luna хамтлаг синти-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг ба уг хамтлаг үргэлж хийж буй зүйлсээрээ дамжуулан Латин Америк угсаа гарлаа онцолдог. Мөн хамтлагийн гишүүн бүр өөрийнх нь амьдралд нөлөөлсөн тодорхой нэг соёлыг дуунууддаа шингээдэг. Жишээ нь Kavvi-гийн ээж Сальса, Меренге бүжиг ба Валленато хөгжмийн урсгалд маш их дуртай байсан нь дуучны уран бүтээлд ихэд нөлөөлсөн байна. Харин даралтат хөгжимчин, арын дуучин Danny Bonilla-гийн гэр бүлийн гишүүд Бачата болон Кумбия бүжгийг үүрийн таван цаг хүртэл бүжиглэж, аз жаргал мэдэрдэг дүр зураглал нь түүнд урам зориг өгдөг гэнэ. Мөн бөмбөрчин Kaylin Martinez, басс гитарчин Ryan Gordon нар гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг баяр, наадам болон сэтгэлд хоногшсон дурсамжаараа дамжуулан үндэс угсаагаа улам тод мэдэрдэг байна.

Хамтлагийн нэгэн зэрэг Испани болон Англи хэл дээр дуулсан “Commitment”, “Fierra” гэх хоёр уран бүтээл нь Латин хэв маяг болон дуучдын хүсэл тэмүүллийг өөртөө агуулжээ.


Бөмбөрчин Kaylin “Латин Америк гаралтай хөгжмийг олон нийтэд толилуулж байгаадаа өөрийгөө үнэхээр азтай хүнээр мэдэрч байна. Бидний гаргаж буй дуунууд бусдад өвөрмөц, дурсамжтай зүйлс бэлэглэж байгаа нь мөн үнэхээр гайхамшигтай” хэмээн дурджээ.


Marcos G

“Bilingual” буюу хоёр хэлийг хослуулан дуу, хөгжмөө толилуулдаг уран бүтээлчидтэй танилцацгаая (фото 3)

Өдгөө 24 настай дуучин, ая зохиогч Marcos G Англи, Испани хэлийг хослуулан инди поп урсгалын бүтээлүүдээ олонд хүргэдэг билээ. Түүнд Колумби болон Никарагуа орнуудын хөгжмийн хэв маяг багагүй нөлөөлсөн ба Бачата бүжиг, реггетон хөгжмийн урсгал, мөн 2000-аад онд хит болж байсан R&B урсгал урам зориг өгдөг гэнэ. Дуучны сүүлд толилуулсан цомогт багтсан “looking for something” дуу нь Spotify платформ дээр 2.5 сая хандалт авснаар түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болж чадсан байна. Уг дууг та сонсож үзсэнээр яагаад ийм өндөр амжилт олсныг нь ойлгох болно.

spill tab

“Bilingual” буюу хоёр хэлийг хослуулан дуу, хөгжмөө толилуулдаг уран бүтээлчидтэй танилцацгаая (фото 4)

Лос-Анжелес хотоос гаралтай spill tab нэрээрээ танигдсан дуучны хувьд өнгөрөгч 2020 он маш олон үйл явдлаар дүүрэн байж, амжилт ололтоор ч мөн дутаагүй өнгөрчээ. Тэрээр өмнө жил зөөлөн аялгуутай, тайван орчинд сонсоход тохиромжтой “Calvaire”, “Cotton Candy” хэмээх сингл дуунуудаа толилуулснаар олны анхаарлыг татаж, улмаар жилийн сүүлээр “Oatmilk” нэртэй дебют мини цомгоо гаргасан юм. Уг цомогт дөрвөн “bedroom” поп урсгалын дуу багтсан бөгөөд эдгээр дуунууддаа Англи, Франц хэлийг хослуулан дуулжээ. Сонирхолтой нь spill tab Солонгос ээжтэй, Франц-Алжир аавтай бөгөөд Бангкок хотод төрсөн. Тэрээр ахлах сургуульд орохоосоо өмнө Парис, Лос-Анжелес хотуудад амьдарч байсан нь мөн түүний “bilingual” уран бүтээл туурвих хүсэлд ихээхэн нөлөөлсөн байна.

Элис Лонгю Гао

“Bilingual” буюу хоёр хэлийг хослуулан дуу, хөгжмөө толилуулдаг уран бүтээлчидтэй танилцацгаая (фото 5)

Дуунууддаа Хятад, Япон, Англи гэх гурван хэлийг хослуулдаг электроник урсгалын уран бүтээлч Элис бүх талаараа анхаарал татахуйц хүн юм. Тэрээр Хятадын Бэнгбү хотод төрсөн ба хожим нь дуучин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд Нью-Йорк руу нүүжээ. Харин одоогоор Элис цахим ертөнцөд түрэмгий, гайхшруулам поп дуунуудаараа танигдаад байгаа юм.

Өөрийн “донтуулмаар” дуу болох “She Abunai” уран бүтээлдээ Элис Англи болон Япон хэлээр рэп уншиж, дуулдаг. Энэхүү дуугаараа тэрээр өхөөрдөм атлаа аюултай охины анхаарлыг татахыг хүсэж буй нэгний талаар дуулсан нь сонсогчдод эерэг сэтгэгдэл төрүүлжээ. Учир нь Элис зөвхөн эрчүүдийн араас шаналан зовсон сэдвээс хөндийрсөн нь тэдэнд таалагдсан байна. Харин Япон хэлийг дуучин бүсгүй Японд суралцаж байхдаа гарамгай эзэмшсэн гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх