Чихний чимэг: Хуучирч Э.Цэндсүрэнгийн шинэ цомог цацагдлаа
Хүн бүрийн сэтгэлийн чавхдасыг хөглөх увдистай сор болсон бүтээлүүдийг нандигнан хайрлаж, үеэс үед түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийг хийж яваа уран бүтээлчид Монголын урлаг соёлын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлох нь зүйтэй. Саяхан Монголын XX зууны нэрт хөгжмийн зохиолчдын сор болсон сонгодог бүтээлүүдийг орчин үеийн уран бүтээлчид хамтран шинэ найруулгаар шинэ үеийн залуусын сонорт хүргэж байгааг олж сонсоод тун их олзуурхаж билээ. Бүр тодруулбал виртуоз хуучирч Э.Цэндсүрэн алдарт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайн “Униар татсан уулсын дээгүүр”, Ш.Эрдэнэбатын “Цэнгэлтэй үдэш”, Г.Дарамзагд, Д.Пүрэвдорж нарын “Чи минь битгий мартаарай” гэхчлэн бидний сэтгэлд хоногшсон бүтээлүүдийн үнэ цэнийг нь хадгалахын сацуу орчин үеийн өнгө аясаар хачирлан хуучир хөгжмийн уянгалаг яруу аялгуугаар эгшиглүүлсэн нь ёстой л нэг сэтгэл цэнгүүлэх шиг болсон юм. Тэгвэл монголын урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулан монгол үндэсний чавхдаст хуучир хөгжмийн ялдам тансаг аялгууг өөрийн авьяас билгээр түгээж яваа тэрээр цоо шинэ цомгоо танилцууллаа.
Aydu Records-оос эрхлэн гаргаж буй “Romances and Concerto for Khuuchir and Orchestra by Sharav Byambasuren” нэртэй энэхүү цомог нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын 7 романс, 1 ари, 1 дуун романс, 1 концертоос бүрдсэн бөгөөд цомогт багтсан дуунуудын тал хувь нь хуучрын урын санд шинээр тоглогдож буй бүтээлүүд, мөн хуучирт хөрвүүлэн найруулсан гэдгээрээ онцлогтой. Харин агуулгын хувьд эх орон, ээж аавын ачлал, амраг хайрын сэтгэлийн тухай өгүүлнэ.
Уран бүтээлчийн тухайд гэвэл тэрээр хөгжмийн гэр бүлд төрж өсөн, багаасаа авьяас чадвар нь илэрсэн учраас урлагийн зам мөр хөөх нь дамжиггүй байсан биз ээ. Цэндсүрэн 12 настайгаасаа хөгжмийн сургуульд суралцаж, улмаар Монгол Улсын Консерваторт бакалавр, БНХАУ-ын Шанхайн Консерваторт магистраа хамгаалжээ. Карьерынхаа туршид хэд хэдэн шагналын эзэн болсноос хамгийн сүүлд тэрээр 2023 оны Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчид, дуулаачдын III уралдаан”-ны тэргүүн байрыг эзэлсэн билээ. Мөн хөгжимчин бүсгүйн цар хүрээ зөвхөн үндэсний урлагаар хязгаарлагдахгүй гэдгийг түүний туурвисан жазз, соул, поп бүтээлүүд батлан харуулж байгаа юм. Эгэл хэр нь эгшиглэнт хуучир хөгжим болоод үүний уянгалаг, чамин аялгуу, цар хүрээ нь Цэндсүрэнгийн дотоод ертөнц, авьяас чадварыг төгс илэрхийлж чадах цор ганц зэмсэг аж.
Album Editorial Credit:
Продюсер: Kush Zorigt
Арт директор, стилист: Zoya
Гэрэл зурагчин: Chayodu
Тайзны зураач: Төгөлдөр
Нүүр будагч: Anara’s make up
Үсчин: Puujee
Дизайнер: Turbold
Иллюстрац: Suren Suzi