Хайх

Coldplay хамтлагийн Moon Music нэртэй шинэ цомог тун удахгүй

Coldplay хамтлагийн Moon Music нэртэй шинэ цомог тун удахгүй

Цомогт багтсан анхны сингл энэ долоо хоногт цацагдана

Text: Buro.Mongolia


Их Британийн алдарт Coldplay хамтлаг өөрсдийн гайхалтай дуу хөгжмөөрөө дэлхийн олон сая хүний хайр хүндэтгэлийг хүлээсний зэрэгцээ байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжин ажилладаг, аливаа хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог уран бүтээлчдийн нэг гэдгээрээ салбартаа алдартай билээ. Тухайлбал 2019 онд тэд байгаль орчныг бохирдуулахгүйн тулд аялан тоглолт хийхээс татгалзаж, ирээдүйн үйл ажиллагаануудаа эх дэлхийд ээлтэй байдлаар зохион байгуулахыг эрмэлзэж байгаа гэдгээ хуваалцаж байсан. Удалгүй тэд энэ амлалтдаа хүрч аль болох онгоцоор зорчихгүй байхыг хичээж, нарны зай хураагуур ашиглаж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар байгаль орчинд ээлтэй аялан тоглолт хийж эхэлсэн түүхтэй.  

Тэгвэл Coldplay хамтлаг 2024 оны аравдугаар сарын 4-ний өдөр Moon Music хэмээх арав дахь цомгоо сонсогчдын хүртээл болгохоор зэхэж буйгаа мэдэгдлээ. Сонирхуулахад, тэд шинэ цомогтоо зориулан дахин боловсруулсан хог хаягдлаас бүтсэн биет CD болон винил пянзыг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Тэдний гаргаж буй 140 грамм жинтэй винил пянзны нэг ширхгийг дахин боловсруулсан есөн ширхэг хуванцар сав ашиглан үйлдвэрлэж байгаа ба ингэснээр энгийн винил пянз бүтэхэд үүсдэг нүүрстөрөгчийн хийг 85%-аар бууруулж, 25 тонн цэвэр хуванцар материал үйлдвэрлэгдэхээс сэргийлж байгаа гэнэ. Харин биет CD-ний 90% нь хэрэглээний хог хаягдлаас гаргаж авсан хуванцар материалаар хийгдэх ба энэ нь энгийн CD үйлдвэрлэхэд үүсдэг нүүрстөрөгчийн хийтэй харьцуулахад 78%-р бага юм.

Байгальд ээлтэй савлагаа бүхий Moon Music цомог нийт дөрвөн төрлийн сонголттойгоор худалдаанд гарах бөгөөд Notebook Edition EcoRecord LP загварт цомог бүтэх үйл явцад бичигдсэн 28 хуудас тэмдэглэл, дууны үг, ая зэрэг багтсан гэдгээрээ онцлог аж. 

Харин уг төслийн продюсерын үүргийг Тейлор Свифт, The Weeknd, Ариана Гранде зэрэг уран бүтээлчидтэй ажиллаж байсан Макс Мартин гардан гүйцэтгэжээ. Мөн цомогт багтсан анхны сингл болох feelslikeimfallinginlove дуу зургаадугаар сарын 21-нд буюу энэ баасан гарагт албан ёсоор цацагдахаар болсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх