Хайх

Дэлхийг шуугиулсан 6 домогт цомгийн нүүр зураг ямар түүхийг агуулдаг вэ?

1991 оны шилдэг цомгууд

Text: Buro.Mongolia


“Nevermind” цомог болон нүцгэн жаал, “The Black Album” цомог болон могой, “Screamadelica” цомог болон Creation Records компанийн оффисын тааз хоорондоо ямар холбоотой бол? Одоогоос 30 жилийн өмнө олны хүртээл болсон алдарт цомгуудын нүүр зургууд хэрхэн бүтэж байсан талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.


Talk Talk “Laughing Stock”

Дэлхийг шуугиулсан 6 домогт цомгийн нүүр зураг ямар түүхийг агуулдаг вэ? (фото 1)

Их Британийн Talk Talk хамтлагийн гаргасан хамгийн сүүлийн “Laughing Stock” нэртэй цомгийн мод болон шувуудын дүрстэй нүүр зургийг зураач Жеймс Марш бүтээсэн билээ. Тэрээр анх зөвхөн хоосон орон зайд нисэж буй шувуудыг дүрсэлсэн байжээ. Гэвч хамтлагийн гишүүн Марк Холлис өмнөх “Spirit of Eden” цомогтой уялдан холбохын тулд нүүр зураг дээр шувуудаас гадна мод дүрслэгдсэн байх хэрэгтэй хэмээн санал бодлоо илэрхийлсэн байна. Тиймээс нүүр зургийн эцсийн хувилбарт шувууд болон мод дүрслэгдсэн юм.

Харин зураачийн бүтээсэн анхны хувилбарыг хожим нь “After the Flood” гэх хамтлагийн гурван дууг агуулсан тусгай цомогт ашигласан байна.


Red Hot Chili Peppers “Blood Sugar Sex Magik”

Дэлхийг шуугиулсан 6 домогт цомгийн нүүр зураг ямар түүхийг агуулдаг вэ? (фото 2)

АНУ-ын RHCP рок хамтлагийн түүхэн дэх хамгийн амжилттай “Blood Sugar Sex Magik” цомгийн нүүр зургийг найруулагч Гас Ван Сэнт бүтээсэн юм. Тэрээр уг хамтлагийн “Under the Bridge” дууны клипийг найруулсан бөгөөд “Milk”, “Good Will Hunting” кино бүтээлүүдээрээ алдаршсан билээ. Цомгийн нүүр зураг дээр хамтлагийн гишүүдийн царай болон улаан сарнай цэцэгс дүрслэгдсэн юм.

Гэхдээ хамгийн сонирхолтой зургууд цомгийн танилцуулга номд багтжээ. Тодруулбал, цомогтой дагалддаг ном дээр уран бүтээлчдийн шивээсний зургуудын эвлүүлгийг оруулсан байна. Уг цомгийн дизайны ачаар залуу үеийнхэн шивээс хийлгэх дуртай болсон гэж тооцогдох нь багагүй билээ. Хэрэв 1980-аад оны сүүлээр шивээсийг зөвхөн далайчид эсвэл мотоцикл унадаг эрчүүд л түлхүү хийлгэдэг байсан бол 1990-ээд оноос эхлэн хүмүүс шивээс хийлгэх нь олширсон байна.


Nirvana “Nevermind”

Дэлхийг шуугиулсан 6 домогт цомгийн нүүр зураг ямар түүхийг агуулдаг вэ? (фото 3)

Энэхүү домогт цомгийн нүүр зураг дээр график дизайнер Роберт Фишер ажиллажээ. Тэрээр Курт Кобейн усан дотор хүүхэд төрүүлэх тухай баримтат киног үзэж, цомгийн нүүрэн дээр энэ үйл явцыг харуулсан зураг байршуулахыг хүссэн хэмээн өмнө нь ярьж байсан билээ. Гэвч энэ санааг хэрэгжүүлэхэд хэтэрхий хэцүү байсан тул Фишер татгалзсан байна.

“Бид хүүхэд төрүүлж буй явцын зургийг авч чадахгүй юм бол зүгээр нялх хүүхдийн зургийг авъя гэж шийдсэн юм. Харин Курт тэр даруй загас барих зориулалттай дэгээг нүүр зурагт нэмэхийг санал болгож байсан. Бид гэхдээ дэгээний хошуунд юу байрлуулах талаар их бодсон л доо. Түүхий мах? Компакт диск? Буррито? Нохой юу?... Ингэсээр маш олон цаг өнгөрсөн юм. Доллар байрлуулах санааг хэн гаргасныг би санахгүй байгаа ч энэ нь тэр үед үнэхээр гайхалтай санагдсан” хэмээн Фишер хуваалцаж байжээ.

Зураглаачаар Кирк Уэддл томилогдсон бөгөөд тэрээр хэд хэдэн нялх хүүхэдтэй эцэг эхийг урин авчирч, ээлжлэн хүүхдүүдийн зургийг авсан юм. Нүүр зургийн эцсийн хувилбарт зураглаачийн найзын хүү хоёрхон сартай Спенсер Элдений зургийг сонгосон билээ. Мөн хүүгийн гэр бүлд 200 ам.доллар өгсөн гэдэг.

Тухайн үеэс 30 жилийн дараа буюу сарын өмнө Спенсер Элден хүүхдийн бэлгийн мөлжлөг үйлдсэн гэх хэргээр Nirvana хамтлагийг шүүхэд өгсөн билээ. 


Metallica “The Black Album”

Дэлхийг шуугиулсан 6 домогт цомгийн нүүр зураг ямар түүхийг агуулдаг вэ? (фото 4)

Metallica хамтлагийн түүхэн дэх хамгийн минималист дизайнтай уг цомгийн хар өнгийн нүүр зураг дээр хамтлагийн лого болон могойг дүрсэлсэн байдаг. Энэхүү могой нь жирийн нэг могой биш юм. Харин либертари үзлийн бэлгэдэл болох Гадсден туг дээр дүрслэгдсэн байдаг могойг цомгийн нүүр зургаар сонгосон байна. Мөн цомогт “Don’t Tread on Me” нэртэй дуу байдаг нь Гадсден туг дээр бичигдсэн үгс юм.

Цомгийн дизайныг маш энгийн, минималист болгох санааг хамтлагийн бөмбөрчин Ларс Улрих гаргажээ. Тэрээр хүнд металл хөгжмийн талаар сэтгүүл уншиж байхдаа хэт өнгөлөг металл цомгуудын нүүр зургуудаас залхсанаа ойлгосон байна. “Металл цомогт ихэнхдээ дүрслэгддэг хүүхэлдэйн киноны бүх баатрууд, энэ бүх ган, цус, гэдэс - эдгээр зүйлсээс бид хол байх тусмаа сайн” хэмээн Улрих дурдсан юм.


Pearl Jam “Ten”

Дэлхийг шуугиулсан 6 домогт цомгийн нүүр зураг ямар түүхийг агуулдаг вэ? (фото 5)

Энэхүү цомгийн нүүр зураг нь хамтлагийн гишүүдийн эв нэгдлийн бэлгэдэл юм. Хамтлагийн басс гитарчин Жефф Аментийн ярьснаар тус цомог нь "нэгнийхээ ​​төлөө зүтгэдэг жинхэнэ баг болж, хөгжмийн ертөнцөд хамтдаа орох" гэсэн утгыг харуулах зорилготой байжээ. Цомгийн нүүр зурагт хамтлагийн винил цомогтоо зориулж авсан байсан бүрэн хэмжээний зургийн тал хэсгийг дүрсэлсэн юм. 

Сонирхуулахад, Metallica хамтлаг “The Black Album” цомгийн нүүр зургийн асуудлаас үүдэн Sony компанитай маргалдаж байжээ. Учир нь хамтлаг нүүр зургийн өнгийг хүрэн улаан байлгахыг хүссэн боловч Sony компани ягаан өнгийг илүүд үзсэн түүхтэй юм. 


Primal Scream “Screamadelica”

Дэлхийг шуугиулсан 6 домогт цомгийн нүүр зураг ямар түүхийг агуулдаг вэ? (фото 6)

"Screamadelica" цомгийн нүүр зургийг Creation Records компанийн зураач Пол Каннелл бүтээжээ. Тэрээр LSD мансууруулах бодис хэрэглэсний дараа оффисын таазанд байсан усны толбыг хараад ийнхүү цомгийн нүүр зургийг зурсан байна. Түүний энэхүү бүтээл Их Британийн цомгуудын нүүр зургуудын дундаас хамгийн шилдгээр тодорч, 2010 онд “Classic Album Cover” гэх шуудангийн маркны дизайнаар сонгогдож байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх