Грэммиг тойрсон бухимдал, бойкот
Грэммигийн сүүдэрт тал
Америкийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүнд, үнэ цэн бүхий Грэммийн шагнал нь Оскар (кино үйлдвэрлэл), Эмми (дэлгэцийн бүтээл), Тонни (театрын бүтээл)-ийн шагналуудтай зэрэгцэн энтертэйнмент салбарын голлох дөрвөн шагналын нэг билээ. Энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагийн үдэш Лас Вегас хотын MGM Grand Garden Arena-д болж өндөрлөлөө. Арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрсөн ч тус шагналыг гардуулдаг Америкийн Дуу Бичлэгийн Академи (Recording Academy) үзэгчдээс бүү хэл томоохон гэгдэх уран бүтээлчдээс шүүмжлэл хүлээн авсаар л байв. Жагсаалтуудад тэргүүлж, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээж байсан амжилтууд нь Академид үнэлэгдэхгүй байгаад бухимдсан одууд байр сууриа илэрхийлсээр байна. Тэдгээрээс дурдвал:
The Weeknd
Дуучин The Weeknd-ийн сүүлийн цомог болох "After Hours" нь 2020 онд гарсан хамгийн шилдэг цомгуудын нэг гэж нэрлэгдэж, Биллбоардын шилдэг 200 цомгийн жагсаалтыг гарсан дариудаа тэргүүлж байсан билээ. Гэвч Америкийн Дуу Бичлэгийн Академи түүний цомгийг өмнө жилийн Грэммийн шагналын аль ч номинацид нэр дэвшүүлээгүй нь шуугиан дэгдээгээд байсан юм. Тус наадмын нэр дэвшигчдийг зарлах үеэр дуучин The Weeknd Дуу Бичлэгийн Академийг “авлигад идэгдсэн” хэмээн хурцаар шүүмжилж цаашдаа дахин Грэммийн шагналд өөрийн бүтээлээ илгээхгүйгээр бойкотлох болсноо зарлаж байсан. Түүний бойкот одоо хэр хэвээр байгаа ч бусад уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлүүд нь гурван номинацид нэр дэвшиж, тэдгээрээс Ye-тэй хамтарсан “Hurricane” дуу нь Шилдэг мелодик рэп үзүүлбэр төрөлд шагнал хүртсэн юм.
Nicki Minaj
Рэппер Nicki Minaj өөрийн Twitter хуудастаа “Миний 7 дуу Биллбоард болон бусад жагсаалтуудад тэргүүлж, өмнө нь аль ч эмэгтэй рэпперийн нөлөөлж байгаагүйгээр бүхэл бүтэн үед нөлөөлсөн амжилтыг минь тэд хайхралгүй, шагналыг цагаан арьст залуу Bon Iver-т өгчихсөнийг бүү март” гэж 2012 оны "Шилдэг шинэ уран бүтээлч" номинацид шагнал хүртэж чадаагүйдээ Дуу Бичлэгийн Академийг буруутгаж бухимдлаа илэрхийлсэн байна.
Жастин Бибер
Канад гаралтай дуучин Жастин Биберийн 2020 оны цомог “Changes”-ийг Академийн зүгээс "Шилдэг поп цомог" номинацид өрсөлдүүлснийг Бибер өөрийн Instagram хуудсаараа дамжуулж шүүмжилсэн байдаг. Тэрээр “‘Changes’ бол R&B цомог. Би R&B цомог хийхээр зорьсон, хийсэн” гэж мэдэгдсэн байна.
Drake
Рэппер Drake мөн өөрийн бухимдлаа Instagram хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Тэрээр “Бид Грэммиг орлох шинэ шагнал гардуулах ёслолтой болох ёстой. Жил бүр хэн нэгнийг Академи хайхралгүй орхидогт нь цочирдсоор байж болохгүй. Дараа үеийнхэндээ үлдээх ямар нэгэн шинэ зүйлийг бид бүтээцгээх хэрэгтэй” гэж сторидсон байна.
Дуу Бичлэгийн Академийн хайхрамжгүй, мэдрэмжгүй байдлыг уран бүтээлчид эртнээс шүүмжилж ирсэн байна. Тухайлбал, 1989 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр Академи анх удаа рэп хөгжмийг хүлээн зөвшөөрч тусдаа номинацитай болсон ч тэр жилдээ телевизийн шууд дамжуулалтаар гаргаагүйг тухайн үедээ Fresh Prince нэрээр уран бүтээлээ туурвидаг байсан, одоо бидний мэдэх жүжигчин Уилл Смит шүүмжлэн шагнал гардуулах ёслолд очихгүй байх шийдвэрээ зарлаж байжээ.
Ямартай ч Дуу Бичлэгийн Академийн санал өгөх эрх бүхий гишүүдийн шийдвэр яаж гараад байдаг нь тодорхойгүй, жил бүр л биднийг цочирдуулсаар байгаа билээ. Үзэгч, сонсогч, үнэнч шүтэн бишрэгчдийг байнгын давтамжтай цочирдуулна гэдэг Академи улам л олон нийтээс тасарч байгаагийн илрэл мөн. Магадгүй дуучин The Weeknd-ийн хэлснээр тодорхой ашиг сонирхол бүхий “авлигад идэгдсэн нууц комисс” байдаг ч юм билүү. Бусад Академийн шагналууд Грэммиг бодвол бага ч, жилээс жилд шүүмжлэл, олны хэл ам дагуулсаар л байгаа учир тун ойрын ирээдүйд Drake-ийн хэлсэнчлэн Академиудын хараанаас ангид, бие даасан институт үүсэж, тусдаа шагналуудаа гардуулдаг болох биз ээ.