Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Тэш Султана
Нэг хүний хамтлаг
Дэлхий даяар аялан тоглолтоо хийдэг гудамжны уран бүтээлч хөгжмийн ертөнцөд хуруу дарам цөөн бий. Тэдний дундаас олон улсын тайзнаа мандаж эхлээд буй Австралийн Мельбурн хотоос гаралтай одоо дөнгөж 23 настай Тэш Султана бидний анхаарлыг татлаа. Дуучин, ая зохиогч, өөрийгөө нэг хүний хамтлаг хэмээн нэрлэдэг Тэш Султана төгөлдөр хуур, саксафон, бүрээ, бөмбөр, лимбэ, мандолин гээд нийт 20 төрлийн хөгжим тоглож чаддаг. Гэхдээ энэ дундаас гоц авьяастай бүсгүйн гитар тоглох чадвар хүн бүхнийг гайхшруулж байна. Рок, психоделик рок, регги болон бусад олон урсгалаар уран бүтээлээ туурвидаг тэрээр анх гурван настайдаа гитар барьж үзээд дахин энэхүү хөгжмийн зэмсгийг гараасаа салгаагүй гэдэг.
Дуучин бүсгүй Мельбурны гудамжинд карьераа эхлэн, уран бүтээлээ олны хүртээл болгож байсан ч хотын цагдаа нарт түүний энэ үйлдэл таалагдаагүй юм. Тиймээс тэрээр интернетийг уран бүтээлийн талбараа болгохоор шийджээ. Ингэж дэлхий нийт 2016 онд түүний "Jungle" гэх электро фолк дууг олж сонссоноор залуу дуучин бүсгүйн амжилтын гараа эхэлсэн байдаг. Энэхүү сингл нь түүний "Notion" гэх EP цомогт багтсан бөгөөд түүний энэхүү уран бүтээл тухайн үедээ байж болох Австралийн бүхий л чартуудад дээгүүр байр эзэлсэн юм.
Харин Тэш өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр "Flow State" нэртэй нийт 13 дуунаас бүрдсэн анхны цомгоо танилцуулсан байгаа. Тэрээр энэхүү цомгоо Lonely Lands Records нэртэй өөрийн үүсгэн байгуулсан дуу бичлэгийн студидээ бичүүлсэн юм. Ингээд хэнтэй ч адилгүй, хосгүй авьяастай Тэш Султанагийн уран бүтээлийг сонирхоцгооё.