Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Монгол инди фолк уран бүтээлч Маgnolian

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Монгол инди фолк уран бүтээлч Маgnolian

Indie folk

Text: Ж.Чинбат


Зураг: Ц.Шувуу

Magnolian нэрээр уран бүтээлээ туурвин эхэлж буй Б.Дөлгөөн өөрийнхөө талаар, Someday дуу хэрхэн бүтсэн тухай, мөн сонирхдог урлагийн төрлүүдийнхээ талаар бидэнтэй ярилцлаа

Magnolian энэ жилийн Play time наадамд тоглосон тухайгаа ярихдаа өөрийг нь 30 хүн л үзсэний 29 нь найз нар нь байсан гэлээ. Учир нь тэр бол хөгжмийн ертөнцөд орж ирж буй шинэ нэр юм. Одоогоор олон хүнд уран бүтээл нь танигдаагүй, шинэхэн дуучин боловч  нэлээн өвөрмөц шинэ хүн болохыг нь ирэх жил гаргах "Famous Men" ЕP цомгийнх нь демо хувилбараас сонслоо. Та харин Someday дууных нь клипийг нь үзээд өөрийнхөөрөө мэдрээрэй. Энэ ярилцлага нь вакуум задалж, Б.Дөлгөөн гэдэг залууг уран бүтээлч хүн гэдэг талаас нь анх удаа нээж үзэх гэсэн товчхон танилцуулга боллоо.

Бид шинэ хөгжим, шинэ дуучин олсондоо баяртай байна. Одоогоор Б.Дөлгөөн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

Одоогоор хөгжмөөсөө гадна бас нэг уран бүтээл болох Улаанбаатарын хотжилтын  үйл явцыг энэ хотод амьдарч буй хүмүүсийн амьдралаар харуулах зорилготой баримтат кинон дээр ажиллаж байна. Киноны нэр нь яг тодорхой болоогүй байгаа хэдий ч манай кино хоёр дүртэй. Тэр хоёр хүний амьдралаар хотжилт хувь хүнд яаж нөлөөлдөг, хэрхэн хүмүүсийн амьдралын хэв маягийг хэлбэршүүлж байгааг харуулахыг зорьж байна.

Чиний Someday дууны клип бас хотын амьдрал харуулсан, баримтат киноны хэлбэртэй харагдсан. Чамайг өөрөө клипээ хийсэн гэж сонссон юм байна.

Тийм,  өөртөө амархан хэлбэрээр хийчихсэн л дээ. Энэ дуугаа би жилийн өмнө биччихээд, эмэгтэй хүнээр дуулуулна гээд бодчихсон байсан юм. Нэг өдөр Б.Энхжинтэй цуг гитар тоглож байгаад дуулуулж үзсэн чинь харин хоолой нь тохирсон. Б.Энхжин Англи руу магистраа хамгаалахаар явах гэж байсан учраас цаг давчуу болчихсон байв. Тэгээд л явахаас нь өмнө амжиж дуугаа бичүүлээд, хамгийн хурдан аргаар клип хийх тухай бодож байгаад өөрөө хийхээр шийдсэн юм.

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Монгол инди фолк уран бүтээлч Маgnolian (фото 1)

Ер нь уран бүтээл төрөх агшин байдаг гэж боддог уу. Их багаасаа гитар тоглож, хөгжим зохиосон гэсэн?

Хөгжим анх сонирхохдоо 7-8 настай байсан. Гитарыг 12 нас хүрээд тоглож эхэлсэн юм. Харин яг жилийн өмнөөс л дуулдаг боллоо. Ер нь бол хамтлагтай болохыг хүсдэг ч даанч хамтраад тоглоё гэхээр хүн олдохгүй төвөгтэй байсан юм. Сүүлдээ өөрөө дуулахаар шийдсэн.

Энэ нь чиний сонгосон стилээс болж байна уу? Амьд хөгжим 200 гаруй урсгалтай. Яагаад фолк инди урсгал сонгож авах болсон юм бэ?

Би өөрөө иймэрхүү хөгжим сонсдог. Тэгээд сонсдог хамтлагуудаасаа үлгэр дуурайлал авдаг л даа. Жишээ нь Боб Дилан ч бас анх Вүүди Гутрьег маш их сонирхож, дуурайж, урам авдаг байсан.

Чиний дуртай хамтлагууд хэн хэн бэ?

Би илүү амьд хөгжим сонсдог ч таалагдах юм бол электро, хип хоп гээд бүх л урсгалын хөгжим сонсдог. Фолк урсгалаар тоглодог шалтгаан нь гитараа бариад өөрөө дуугаа зохиож, тоглоход амар байдгийнх. Бас тийм ч сайн дуулдаг байх шаардлагагүй байдаг. The National гэдэг дуртай хамтлагаасаа санаа их авдаг.

Чи бүгдийг шууруулах хит хийх сонирхолтой юу. Эсвэл өөртөө зориулж дуугаа зохиодог уу?

Мэдээж аль болох олон хүнд хүргэх сонирхолтой л доо. Тэгэхдээ олон хүн сонсох, олон хүнд зориулж дуу бичих хоёр өөр. Тэгэхээр би хичээгээд ч тийм поп дуу бичиж чадахгүй байх л даа. Дуугаа бичдэгээрээ бичнэ. Олон хүнд хүрч байвал төдий чинээ сайн.

Анхны EP цомгийн чинь дуунуудаас чи дарааллаар нь сонсохыг зөвлөсөн. Надад маш шинэ, монгол орчноос гараагүй, өөр газрын дуунууд шиг л сонсогдсон. Тэгэхээр чамд нэг өөрийн гэсэн вакуумжсан орчин байх шиг байна л даа.

Вакуумжсан санагдаж магадгүй л дээ. Би багаасаа олон улсын сургуульд сурч, англиар ярьж өссөн. Ер нь Монгол хөгжим нэг их сонсдоггүй. Тэр нь миний сул тал. Ихэнх сонсож, үзэж, уншиж байгаа зүйлс англиар байдаг болохоор миний зохиож байгаа дуунуудад ч бас тэр нь нөлөөлдөг байх. Би тэгэхдээ Монгол болохгүй гээд хичээгээд байгаа юм биш шүү. Зүгээр байгаа нь л тэр.

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Монгол инди фолк уран бүтээлч Маgnolian (фото 2)

Чи Анагаах ухааны их сургууль дээр морин хууртай хамт тоглосон байсан шүү дээ?

Саяхан Америкийн NBC сувгийн Raw music international гэдэг орон орноос явж, тухайн улсын хөгжмийн ертөнцийн талаар баримтат кино хийдэг хүмүүс Монголд ирсэн юм. Нэг дугаарт нь Б.Энхжин бид хэд хийл, гитар, морин хууртай тоглож оролцсон. Морин хууртай хослож тогловол гоё юм байна лээ. Тэгэхдээ морин хуурыг дуундаа тохируулж тоглохгүй бол хэт гуниглангуй болгочих гээд байдаг бага зэргийн аюултай.

"Famous men" нэртэй EP цомог нь хэзээ гарах вэ?

Ирэх жил гаргана гэж бодож байна. Арав гаруй дуу байгаа ч гэсэн хоорондоо хэв маягаараа тохирсон долоон дуугаа оруулахаар шийдсэн байгаа. 

Дууныхаа аяыг нь түрүүлж бичиж, дараа нь шүлгээ зохиодог уу?

Эхлээд ая нь түрүүлээд гарчихдаг л даа. Зарим дуунууд дээр хамт гардаг. Гэхдээ дуулах ая нь хамгийн хэцүү гэдэг.

Яагаад өөртөө Magnolian гэж нэр өгсөн юм бэ

Хүн юм уншиж байхдаа өөрт танил зүйлийг түрүүлж хардаг даа. "Magnolia" гэдэг үг "Mongolia"  гэж уншигдах гээд байдаг. Үгээр тоглох гэсэн минь л тэр. Цэцгийн нэр нь тийм чухал биш.

Бас ийм нэртэй кино байдаг

Паул Томас Андерсоны тэр кинотой ч бас холбоотой. Бараг гурван цагийн кино байдаг шүү дээ.

Чи Канадад урлагийн түүхийн чиглэлээр сурсан гэлээ. Юу чамайг урлагийн бүх төрлийг сонирхоход хүргэв.

Анхандаа хөгжим байсан. Тэгээд арван жилээ төгсөөд, ээжтэйгээ өөрийгөө хөгжүүлэх тухай ярилцаж байтал манай ээж дэлхийн сонгодог зохиолуудыг уншчихсан байхад зүгээр гэж надад зөвлөсөн юм. Тэр үеэс сонгодог зохиолуудын жагсаалтаас Анна Каренинаг уншиж эхлэн, сонгодог кино жагсаалтын эхэнд байсан Касабланкаг үзсэн. Тухайн үед тэр киноны дээр үеийн хэллэгийг нь ойлгоогүй л дээ. Хэд хэдэн удаа үзэж байж киноны сайныг ойлгосон. Их сургуульд ороод урлагийн ямар төрлөөр мэдлэгээ сайжруулах тухай бодож байгаад дүрслэх урлагийн чиглэлээр сурахаар шийдсэн юм.

Канад, Монгол хоёр цаг уур, бизнесийн ашиг сонирхол нэгтэй шүү дээ. Чи тэндээс ирэхдээ ямар нэг бизнесийн чиглэлээр ажиллах бодолтой байсан уу?

Ёстой тэгэж бодож үзээгүй. Канад, Монгол хоёрын хооронд бизнес хийвэл боломжгүй зүйл байхгүй л байх. Би бизнесийн хувьд бодохдоо заавал бүх юмны анхдагч байх албагүй, харин байгаа зүйлээ сайжруулаад, бусдаас нь илүү сайн хийж чадвал болох нь тэр гэж боддог.

цааш үзэх