Орчин үед байж боломгүй, асуудал дагуулсан, өнгөрсөн үеийн 6 дуу
Цаг хугацаа өнгөрсөн ч зарим зүйлс дээрддэггүй
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд зөв, буруугийн тухай ойлголт эрс өөрчлөгдөж, нийгэмд шинэ дүрэм журам тогтсон гэж хэлж болно. Үүнээс хамгийн өргөн цар хүрээг хамарсан нь #MeToo, #BlackLivesMatter сэдвүүд бөгөөд хүмүүс эдгээр хөдөлгөөнүүдийн ачаар бэлгийн хүчирхийллийг ил тод, нээлттэй хэлэлцэх болж, арьс өнгөөр ялгаварлах үзэл улам бүр хурц хөндөгдөх болсон билээ.
Хуучин цагийн эцгийн эрхт ёс давамгайлсан нийгэмд хэвийн үзэгдэлд тооцогдож байсан үйлдлүүд өнөөдөр хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй зүйлс болон хувирч, ноцтой асуудалд ч хүргэж болзошгүй болжээ. Амжилтгүй хошигнол, ижил хүйстнүүдийг үзэн ядсан утга агуулгатай мэдэгдэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан коммент хэлснийхээ төлөө карьераа алдаж, бойкотлогдож, канселлингтай (нэр хүндээс нь болж тухайн хүний уран бүтээлийг үл ойшоох соёл) нүүр тулдаг цаг үед бид амьдарч байна.
Үүнтэй холбоотойгоор зарим нэг кино болон номууд (Тухайлбал "Gone with the Wind") маргаантай сэдвийнхээ төлөө асуудал үүсгэж, тусгай тайлбартайгаар хэрэглэгчдэд хүрэхээр болоод байгаа билээ. Энэ сэдвийн дагуу бид тусгай тайлбар шаардлагатай гэж үзсэн өнгөрсөн үеийн зургаан дууг онцолж байна.
"Baby, It's Cold Outside"
1949 онд гарсан "Neptune's Daughter" мюзиклийн ачаар алдартай болсон дуу. Хэдийгээр дууны үгэнд зул сарын тухай огт өгүүлдэггүй ч энэ дууг хүмүүс өвлийн баярын улирлаар хамгийн их сонсдог. Гэвч #MeToo давлагааны үр дүнд энэхүү сонгодог дуунд хандах хандлага огцом өөрчлөгдөж байна. Шүүмжлэгчид дууны үгэнд орчин үед тэвчишгүй (ер нь аль ч цаг үед) бэлгийн хүчирхийллийн утга агуулга байгааг олж анзаарчээ.
Дууны зохиолч Фрэнк Лоссер бүтээлээ эмэгтэй (эхнэртээ зориулсан) болон эрэгтэй дүрд хуваасан ба тэдний харилцан яриагаар өрнөдөг. Жишээ нь "Би үнэхээр үлдэж чадахгүй нь... Миний уух юманд юу байгаа вэ?" гэсэн өгүүлбэрүүд оржээ. Түүнчлэн эмэгтэй нь татгалзсан нь тодорхой байхад эрэгтэй нь өөрийнхөөрөө зүтгээд байгаа нь мэдрэгддэг. Дууны үйл явдал эмэгтэйчүүдийн уух зүйлд мансууруулах бодис хийж, тэднийг дараа нь хүчирхийлдэг байсан Билл Косбигийн хэргийг яг таг давтсан мэт санагдана. Энэ хэргийнхээ төлөө тэрээр ял эдэлж байгаа билээ.
Лоссерын охин аавыгаа удаа дараа хамгаалж "Миний уух юманд юу байгаа вэ?" гэсэн хэсэг нь зүгээр л хошигнол байсан хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч хүмүүсийн бодлыг тэрээр өөрчилж чадаагүй бөгөөд олон радио сувгууд энэ дууг цацахыг хориглосон байгаа.
Summer Nights
Жон Траволтаг од болгосон "Grease" (1978) мюзиклийн дуу. Энэ дуунд ч мөн бэлгийн хүчирхийллийн өнгө аяс оршиж байгаа. Дууны үг нь киноны гол баатруудын болзоо хэрхэн өнгөрснийг ярьж байгаа мэтээр өгүүлжээ. Тэд хоёулаа өөр, өөрсдийн хувилбарыг найзууддаа ярина. Траволтагийн найзууд түүнээс "Тэр эсэргүүцсэн үү" гэж асууж байгаа нь асуулт дагуулж, гол баатрыг хүчирхийлэгч болгон харагдуулж, романтик хэсгийг тэвчишгүй болгон хувиргажээ.
Brown Sugar
The Rolling Stones хамтлагийн хамгийн хүлцэнгүй бус дуу (1971). Сэтгэл булаам аялгуутай ч үг нь орчин үеийн ёс зүйгээс хол. Текст нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, эмэгтэйчүүдийг үл ойшоосон (боолчлол, хүчирхийлэл гэх мэт сэдвүүдтэй) байдаг. Хамтлагийн гишүүд өөрсдөө дууны утга агуулгад төдийлөн ач холбогдол өгөөгүй бөгөөд бүр 45 минутад л зохиосон гэж тайлбар хийж байжээ.
Island Girl
Регги хөгжмөөс урам зориг авч, Боб Марлигийн нөлөөгөөр зохиогдсон энэхүү дуу нь 1975 онд Америкийн бүх чартуудыг тэргүүлж байсан ч Элтон Жон энэ бүтээлээ 30 гаруй жил амьдаар дуулаагүй юм. Бид яагаад гэдгийг нь ч ойлгож байна. Учир нь энэ дуу бол Ямайкаас Нью-Йорк руу "цагаан эрчүүдийн ертөнцөд" нүүж ирж байгаа биеэ үнэлэгч эмэгтэй болон түүнийг эргүүлэн авчрахыг хүсэж байгаа хар залуугийн тухай өгүүлсэн байгаа. Дууны үг нь өнгөт арьст эмэгтэйчүүдийн хувьд ч #MeToo эриний үед ч хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Магадгүй 1975 онд хорвоо ертөнц огт өөр дүрэмтэй байсан бололтой.
"Ur So Gay"
Дууны нэрээс нь л ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхсан өнгө аяс мэдрэгдэнэ. Түүгээр ч барахгүй Кэти Перри зөвхөн ЛГБТ нийгэмлэгийг гомдоогоод зогсоогүй юм. Дуу бүхэлдээ эмзэг, мэдрэмтгий, тэр дундаа хямралыг даван туулж байгаа, сэтгэл зүйн асуудлуудтай тулгарч байгаа хүмүүсийг тэсвэрлэхгүй байгаа нь сонсогддог. Жишээ нь тэр эхний бадгаасаа л нэгэн залууд H&M брэндийн ороолтоор өөрийгөө дүүжлэхийг санал болгоно.
Ерөнхийдөө 2021 онд мах иддэггүй, цахилгаан автомашин унадаг хүнийг гей гэж дуудах нь үнэхээр инээдтэй сонсогдох болно (Хоакин Феникст мэнд хүргэе!).
Кэти Перри түүний дуунд ижил хүйстнүүдийг гадуурхсан ямар ч утга агуулга байхгүй, ийм байдлаар тэрээр салалтаа даван туулахыг хичээж байсан, дуунд өгүүлсэн бүх зүйл түүний болзож байсан, одоо мартахыг хүсэж байгаа хүний тухай хэмээн мэдэгдэж байжээ. Ямартаа ч тэр одоо энэ дуунаасаа ичиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Салсан залуу нь түүний амьдралаас алга болсон ч дуунд тавигдах асуултууд одоо ч үлджээ.
"Summer Girls"
LFO-гийн энэ дуу нь анх сонсоход тухайн үеийн хөвгүүдийн хамтлагийн байдаг л нэг амархан цээжлэгддэг бүтээлүүдийн нэг мэт сонсогдож магадгүй ч үгийг нь анхааралтай сонсож, видео клипийг нь үзэхэд тийм ч гэмгүй биш гэдэг нь тодорхой болно. Жишээ нь "Хятад хоол миний дотрыг муухай оргиулдаг", "Чи яг л Abercrombie & Fitch-ийн охин шиг харагдаж байна" (тус брэнд өмнө нь зөвхөн цагаан арьстай модель болон ажилтнуудыг ажилд авч, ялгаварлан гадуурхах хандлага тогтмол гаргадгаараа алдартай байсан юм) гэх зэрэг өнөө үед асуудал дагуулж болзошгүй зүйлсийг өгүүлдэг. Үүнээс гадна видео клипэнд гурван цагаан арьст залуу олон тооны цагаан арьстай бүсгүйчүүдийн дунд дуулж бүжиглэж байгаа нь харагдана. Та энэ клипээс өнгөт арьстай хүн бараг олж харахгүй л болов уу.