Хайх

Яг одоо сонс: Хайрын дуучин Baatarfly, рэппер NMN нарын хамтарсан шинэ дуу цацагдлаа

Яг одоо сонс: Хайрын дуучин Baatarfly, рэппер NMN нарын хамтарсан шинэ дуу цацагдлаа

“Цугтаа”

Text: Г.Тэмүүлэн


Үе үе Монголын хөгжмийн ертөнцөд тэс ондоо мэдрэмжтэй, өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай уран бүтээлчид төрөн гарч шинэ хөгжмөөр дутагдсан сонсогчдын “цангааг тайлах” нь бий. Тэдгээр уран бүтээлчдийн нэг бол хөгжмийн продюсер Baatarfly болон рэппер NMN нар юм. Тэгвэл хэдхэн жилийн өмнө гоц авьяасаараа цойлж, бидэнд цоо шинэ хөгжмийг мэдрүүлсэн Baatarfly уран бүтээлээсээ гурван жил завсарлага авсны эцэст NMN-тэй хамтарсан цоо шинэ дуугаа албан ёсоор танилцууллаа. “Цугтаа” нэртэй, электро поп жанрын энэхүү дуу нь тэдний хувьд анхных нь хамтрал болж буйгаараа онцлогтой. Шинэ бүтээлээ тэд BURO. дээр тусгайлан гаргаж байгаа ба дууныхаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна сүүлийн үеийн сонин сайхнаасаа бидэнтэй хуваалцсан юм.

Энэхүү дуу нь “Green Future 2.0 NPC” нэртэй шинэ комик зохиолын дуу болж байгаа аж. Харин утга санааны хувьд “Харанхуйд амьдардаг хүмүүс харанхуйгаас гэрэл рүү зугтааж буй тухай” өгүүлж байгаа хэмээн Baatarfly, NMN нар гүн гүнзгий утгатай шинэ уран бүтээлээ тайлбарласан юм. Энэ нь мөн комик зохиолын гол баатар болох видео тоглоомын “non-playable character” буюу “тоглогч удирдах боломжгүй дүр”-ийн адал явдалтай төгс нийцжээ. Агуулгын хувьд гүн утга агуулсан “Цугтаа” дуу хэмнэлийн хувьд электроник хөгжмийн элемент агуулсан, эрчимтэй хэмнэлтэй поп бүтээл болсон байна.

Удаан хугацаанд завсарласан уран бүтээлчдийн сонин сайхнаас дурдвал хөгжмийн продюсер, өөрийнх нь тодорхойлсноор “хайрын дуучин” Baatarfly анхны цомгоо 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нд гаргахаар шаргуу ажиллаж байгаа аж. Саяхан тэрээр “Ховс” гэх шинэ синглээ цацжээ. Харин NMN-ий хувьд тэрээр хамгийн сүүлд “Wara Wara” нэртэй дуугаа  сонсогчдын хүртээл болгожээ. Ингээд тэдний цоо шинэ бүтээлийг хамтдаа сонсоцгооё.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх