Албан ёсоор: Эмили дахин хоёр улирлын турш Парист үлдэхээр боллоо!
"Emily in Paris" цувралын гурав болон дөрөвдүгээр улирал гарна
Netflix стриминг платформ "Emily in Paris" цувралын гурав болон дөрөвдүгээр улирлыг хийхээр болсноо албан ёсоор зарлалаа. Алдарт "Sex and the City"-гийн продюсеруудын ээлжит бүтээл болох тус цуврал 2020 онд анх нээлтээ хийснээс хойш үзэгчдэд маш их таалагдаж, ихээхэн амжилт олсон тул тэд Эмилигийн адал явдлыг үргэлжлүүлэхээр шийдэж, улмаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард тус цувралын хоёрдугаар улирал олны хүртээл болсон билээ.
Тэгвэл саяхан цувралын продюсерууд ахин нэг ч биш, бүр хоёр улирал хийх болсноо мэдэгдэж шүтэн бишрэгчдийг баярлуулаад авлаа. Одоогоор шинэ улирлуудын зураг авалт хэзээ, хаана хийгдэх нь тодорхойгүй байгаа ч Variety сэтгүүлийн мэдэгдсэнээр зураг авалт энэ оны хавар, зуны улиралд баатруудын амьдардаг Парист болон магадгүй Лондонд болох гэнэ.
Эргэн сануулахад, эхний улиралд Чикаго хотоос Парист томилолтоор ирсэн залуу маркетингийн мэргэжилтэн Эмили Куперийн тухай гардаг. Тэрээр шинэ газар ирээд хамтран ажилладаг хүмүүстэйгээ туршлага солилцож, хайр дурлалтайгаа учирч, найз нөхдөө олохыг хичээхийн зэрэгцээ Instagram хуудсаа идэвхтэй хөтөлж эхэлдэг билээ. Ингэхдээ Эмили хэлний бэрхшээл, соёлын ялгаа, хүмүүсийн хүйтэн хөндий хандлагатай нүүр тулгардаг. Харин саяхан олны хүртээл болсон хоёрдугаар улиралд Эмили аяллаар явж, шинэ найз залуутай болж, сайн найз Камильтай маргалдаж, маркетингийн компани дахь ажил нь улам л ундарч, маш их адал явдалтай учирдаг. Тэгвэл дараагийн хоёр улиралд түүнтэй юу тохиолдох бол?