Америкийн алдарт Break of Reality хамтлаг Морин хуурын чуулгатай хамтран тоглоно
Өрнө, дорнын аялгуу
Break of Reality хамтлаг Улаанбаатар хотод тоглох гэж байгаа нь, тэр дундаа Монгол улсын Морин хуурын чуулгатай хамтарсан тоглолт хийх гэж буй нь хөгжим сонирхогчдын хувьд жинхэнэ сюрприз болоод байна. Анх 2003 онд Нью-Йорк хотод байгуулагдсан цөөхүүл хөгжмийн Break of Reality хамтлаг нийт зургаан цомог гаргасан юм. Чело рок буюу морин хийл хөгжим дээр суурилсан амьд хөгжмийн тоглолт хийдэг Break of Reality хамтлаг өөрсдийн уран бүтээлүүдээс гадна алдартай хамтлаг, киноны хөгжмийг ковер хийж тоглодгоороо алдартай. Жишээ нь Game of Thrones цуврал, System of Down хамтлагийн хөгжмийг тэд тоглосон нь олон сая хүний таашаалд хүрсэн байдаг.
Америкийн Нэгдсэн Улс, Монгол улсын хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж АНУ-ын Элчин сайдын яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулж буй тус тоглолт нь нэгдүгээр сарын 27-нд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох юм. Тоглолтонд Break of Reality хамтлаг, Монгол улсын Морин хуурын чуулга өөрсдийн бүтээлийг тус бүр 30 минут тоглохоос гадна дөрвөн бүтээлийг хамтран толилуулна. Үүнд хоёр орны төрийн дуулал, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын "Эр хоёр загалын тууж" бүтээл, Break of Reality хамтлагийн "Break of Reality" бүтээлийг хамт тоглох юм байна. Гэвч "Ганцхан удаа болох энэхүү тоглолтын тасалбар аль хэдийнэ" дууссан гэж Монголын Урлагийн Зөвлөлийн хамт олон мэдэгдлээ.
Харин Break of Reality хамтлагийн тоглолтыг үзэхийг хүссэн хүмүүс өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд 16:00 цагаас Монголын Хүүхдийн Ордонд болох 45 минутын тоглолтыг нь үзэх боломжтой юм байна.