Анжелина Жоли Брэд Питтээс салсны дараах амьдралынхаа тухай ярилаа
Жүжигчин бүсгүй удаан хугацааны дараа анх удаа ярилцлага өглөө
Жүжигчин Анжелина Жоли удаан хугацааны дараа анх удаа ярилцлага өглөө. Vanity Fair сэтгүүлд зориулсан ярилцлагад тэрээр Брэд Питтээс салсны дараах амьдрал ямар байсан мөн одоо хэрхэн урагшилж буйгаа хуваалцсан байна.
Сүүлийн есөн сарын турш хүүхдүүдийнхээ хамтаар байшин түрээслэж байсан Анжелина Жоли саяхан 1021.9 м2 бүхий байшин худалдан аван, нүүж орсон байгаа. "Сүүлийн сарууд үнэхээр хэцүү байлаа. Бид одоо л амсхийж байна. Энэ байшин бидний хувьд маш том алхам юм. Бид бүгд л гэр бүлээ ‘эдгээхийг' хичээж байна" хэмээн жүжигчин шинэ байшингийнхаа тухай ярилаа.
Брэд Питт ба түүний харилцаа хэзээнээс уруудаж эхэлснийг асуухад "Өнгөрсөн зун нөхцөл байдал муудаж эхэлсэн. Гэхдээ би энэ үгийг ашиглахыг хүсэхгүй байна. Бүх зүйл ‘хэцүү' болж эхэлсэн гэвэл илүү оновчтой байх" гэж хариулжээ.
Жоли энэ талаар дэлгэрэнгүй ярилцахыг хүсээгүй ч, Vanity Fair-ын төлөөлөгч түүнээс салалтад хосын завгүй амьдралын хэв маяг нөлөөлсөн эсэхийг тодруулахад "Бидний амьдралын хэв маяг огтхон ч сөрөг нөлөө үзүүлээгүй. Энэ бидний хувьд асуудал байгаагүй. Харин энэ нь эсрэгээрээ бидний хүүхдүүдэд дамжин очих амьдралын гайхалтай боломж юм. Тэд бол зургаан хүчирхэг, өөрийн гэсэн үзэл бодолтой, халамжтай, амьдралд дуртай хүүхдүүд. Миний хүүхдүүд салалтын дараа маш зоригтой байсан. Тэд шаардлагатай үед зоригтой байж чадсан" хэмээжээ.
"Бид гэр бүл салахад хүргэсэн үйл явдлыг мартаж, эдгэрэхийг хичээж байна. Хүүхдүүд салалтаас биш, харин амьдралд тохиолддог зарим нэг зүйлсээс эдгэрэхийг оролдож байна. Би багадаа ээждээ маш их санаа зовнидог байснаа санадаг юм. Миний хүүхдүүд надад санаа зовоосой гэж би хүсэхгүй байна. Миний бодлоор хүүхдүүдийнхээ дэргэд биш, харин шүршүүрт уйлах нь нэн чухал. Тэд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэлтэй байх учиртай" хэмээн жүжигчин бүсгүй бодлоо хуваалцсан юм.
Харин Брэд Питт ба түүнйи харилцаа одоо ямар түвшинд байгааг асуухад Жоли "Бид бие биедээ мөн гэр бүлдээ санаа тавьдаг. Тиймээс бид хоёулаа нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөж байгаа" гэжээ.
Сануулахад, Холливүүдийн хамгийн алдартай хосуудын нэг болох Анжелина Жоли ба Брэд Питт нар арван сарын өмнө салсан бөгөөд энэ хугацаанд жүжигчид хэвлэл мэдээллээс аль болох хол байж, хувийн амьдралаа нууцалж ирсэн билээ. Гэхдээ хоёр сарын өмнө Брэд Питт GQ сэтгүүлд ярилцлага өгөхөөр шийдэж, салалтын дараа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрөн энэхүү асуудлыг ардаа үлдээснээ мэдэгдсэн. Тэр мөн хүүхдүүдтэйгээ харилцаагаа сэргээж буйгаа онцолж, цаашид тэднийхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөнө гэдгээ хэлсэн юм.