Дани улсад "автомашинтай" амьд хөгжмийн тоглолт болжээ
500 хүн автомашинаасаа гаралгүй амьд хөгжмийн тоглолт үзжээ
Коронавирусын тархалт, хорио цээрийг үл харгалзан Данийн хоёр дах том хот болох Орхуст амьд хөгжмийн тоглолт зохион байгуулагджээ. Гэхдээ хамгийн гайхалтай нь үзэгчид автомашинаасаа гаралгүй тоглолт үзэж, тусгаарлалтын дэглэмийг зөрчөөгүй байна. Тодруулбал Данийн уран бүтээлч Мадс Лангер 500 үзэгчтэй амьд тоглолт хийж, цоо шинэ төрлийн концертын формат санаачилсан бөгөөд Forbes сэтгүүлийн үзэж буйгаар ийм төрлийн тоглолт нь ойрын ирээдүйд их эрэлттэй болох гэнэ.
Тэрээр уг тоглолтыг эхлэхээс ердөө зургаан хоногийн өмнө олон нийтэд зарласан ч ердөө хэдхэн минутын дотор тасалбар зарагдаж дуусжээ. Тоглолтод зориулан тайз засаж, харин дуу хөгжмийг үзэгчдэд автомашины радиогоор дамжуулан цацсан байна. Түүнчлэн хүмүүс уран бүтээлчтэй Zoom апп ашиглан шууд холбогдох боломжтой байжээ.
"Би амьдралдаа маш олон тоглолт хийсэн ч энэ төрлийн концертыг анх удаа туршиж үзсэн" гэж Мадс Лангер хуваалцсан байна.
"Бүх зүйл хяналтад байсан. Хүмүүс биеэ зөв зохистой авч явж, автомашинууд 30 минутын дотор л тарцгаасан" гэж цагдаагийн ажилтнууд хэлэхийн зэрэгцээ хүрэлцэн ирсэн үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэнийг онцолсон юм.
Дашрамд дурдахад коронавирусын тархалттай холбоотойгоор дэлхийн амьд хөгжмийн тоглолтууд 2021 оны намар хүртэл зохион байгуулагдахгүй гэж мэргэжилтнүүд таамагласан байна.