Хайх

Загварын салбарынхан домогт гэрэл зурагчин Питер Линдбергийг хүндэтгэн дурсаж байна

Загварын салбарынхан домогт гэрэл зурагчин Питер Линдбергийг хүндэтгэн дурсаж байна

Гоо үзэсгэлэнгийн тухай хэвшмэл ойлголтыг эвдэж, загвар ба хөрөг гэрэл зургийн салбарт хувьсгал хийсэн хүндэт эрхэм

Text: Buro.Mongolia


Домогт гэрэл зурагчин, найруулагч, загварын салбарын хүндэт эрхмүүдийн нэг болох Питер Линдберг есдүгээр сарын 3-ны өдөр 74 насандаа таалал төгслөө. Тэрээр 40 орчим жил гэрэл зургийн салбарт ажиллахдаа гоо үзэсгэлэнгийн тухай хэвшмэл ойлголтыг эвдэж, загвар ба хөрөг гэрэл зургийн салбарт хувьсгал хийсэн байдаг. Олон уран бүтээлчдийн шүтээн, үлгэр дуурайлал байсан түүнийг бид байгалийн дүр төрх давамгайлсан хар цагаан гэрэл зургуудаар нь мэдэх билээ.

"Үнэн үгүй бол гоо сайхан оршихгүй" гэх зарчмыг баримтлан уран бүтээлээ туурвидаг байсан Питер Линдберг хүн байгаагаараа, амьдралд туулж үзсэнээрээ, үнэнээрээ байхдаа үзэсгэлэнтэй хэмээн үздэг байж. Энэ нь ч түүний бүтээлүүдийг илүү амьд, илүү онцгой болгодог байсан гэлтэй. Питерийн дарсан хэд, хэдэн зургууд Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн ба алдарт Pirelli хуанлид зориулан гурван ч удаа зураг даржээ. Түүгээр хөрөг зураг даруулаагүй алдартан бараг үгүй бөгөөд тэр зургандаа нийгмийн байр суурь, гарал үүсэл, эрх мэдлийг үл хамааран гагцхүү хувь хүн гэдэгт анхаарал хандуулж, үнэн төрх бүхий хөрөг бүтээдэг байсан юм.

Питер Линдбергийг 74 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай мэдээлэл гарсны дараа загварын салбарынхан ба бусад алдартнууд түүнд зориулсан сүүлийн үгсээ хуваалцжээ.

“Түүний эрч хүч, бүтээлч байдал, эерэг хандлагыг би одоо ч тод санаж байна. Түүний агуу бүтээлүүдийг үүрд санан дурсаж, урам зориг авсаар байх болно” - загвар зохион бүтээгч Алберта Ферретти.

“Түүний хүнлэг сэтгэл, гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт бидний дунд мөнхөд орших болно" - загварын гэрэл зурагчин Ник Найт .

“Анх Питертэй танилцаж байхад тэр яг л тоглож наадах дуртай бяцхан хөвгүүн шиг санагдсан. Түүгээр зураг даруулсан явдал бол миний хувьд нэр төрийн хэрэг. Хүндэт найз Питер минь чамайг үргэлж санан дурсах болно” - загвар өмсөгч Ирина Шейк.

“Амьдралдаа уулзаж байсан хамгийн гайхалтай хүмүүсийн нэг” -  жүжигчин Шарлиз Терон.

“Питер бол эрхэм нэгэн. Түүний эзгүй орон зайг олон хүн өгүүлэх болно” - загвар зохион бүтээгч Жиоржио Армани.

“Өгөөмөр, эелдэг зантай Питер бол орчин үеийн хувцас загвар хэрхэн харагдахыг тодорхойлсон нэгэн. Түүний бүтээл бүр эмэгтэйчүүдэд урам зориг өгч, өөртөө итгэх итгэлийг бий болгодог нь надад ихэд таалагддаг. Түүнийг орлох нэгэн үгүй. Бид түүнийг үүрд дурсах болно” - Анна Винтур.

Загварын салбарт үлдээсэн бүхэнд тань баярлалаа, ноён Питер Линдберг.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх