Г.Ариунбаатар BBC телевизийн "Дэлхийн Дуучин" тэмцээнээс “Song Prize” шагнал хүртлээ
Баяр хүргэе!
Өчигдөр Кардифф хотын "St. David's Hall" концертын танхимд BBC Cymru Wales телевизээс хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг "Cardiff Singer of the World" буюу "Дэлхийн Дуучин" тэмцээний финалын шатны шалгаруулалт явагдлаа. Финалын шатанд өрсөлдөх эрхийг авсан шилдэг таван дуучны нэгээр МУГЖ Г.Ариунбаатар тодорч, эх орныхоо нэрийг дахин дэлхийн тавцанд гаргасныг бид саяхан дуулгаж байсан билээ. Тэгвэл финалын шатны үр дүнгээр баритон хоолойн гайхамшгийг мэдрүүлсэн Г.Ариунбаатар өөрийн амжилтыг ахиулж, "Song Prize" гэх тусгай шагналыг Шотландын сопрано хоолойтой дуучин Катриона Морисоны хамт хүртсэн байна. Анх 1989 онд "Lieder Prize" нэрээр танилцуулагдсан энэхүү шагналд уран бүтээлчид "Lieder", "Их урлагийн", "Ардын" дууны урсгалуудаар өрсөлддөг юм.
Уэльсийн Кардифф хотод долоо хоногийн турш үргэлжилсэн энэхүү тэмцээнд нийт 20 залуу сонгодог дуучин өрсөлдсөнөөс эцсийн шатанд баритон хоолойтой Г.Ариунбаатар, Австралийн Канг Ванг (тенор), АНУ-аас Кларк Эванс (баритон), Их Британийн дуучин Луис Алдер (сопрано) болон Шотланд гаралтай Катриона Морис (меццо сопрано) нар шигшигдэн үлдсэн бөгөөд тэмцээний хамгийн том шагналыг өдгөө 31 настай Катриона хүртэж, "Дэлхийн Дуучин"-аар нэрлэгджээ.
Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн шилдэг дуурийн дуучны нэгээр шалгарсан Г.Ариунбаатарт дахин баяр хүргэе!