Загварын ертөнцийн алдарт гэрэл зурагчид болох Мерт ба Маркус нар анхны номоо гаргана
400 хуудастай
Загварын ертөнцөд Мерт ба Маркус гэх нэрээрээ алдаршсан гэрэл зурагчид болох Мерт Алас, Маркус Пиггот нар 20 жилийн турш дарсан хамгийн шилдэг гэрэл зургуудаараа "Mert Alas & Marcus Piggott" нэртэй ном хэвлэн гаргаж байна. Тэдний энэхүү ном 2017 оны аравдугаар сарын 23-нд дэлхийн номын дэлгүүрүүдэд мөн Taschen хэвлэлийн газрын албан ёсны вебсайт дээр худалдаанд гарах болно.
Нийт 400 хуудас бүхий "Mert Alas & Marcus Piggott" номонд дэлхийн хамгийн алдартай жүжигчид, загвар өмсөгчид болон уран бүтээлчдийн зургууд орсон байгаа юм. Жишээлбэл дуучин Мадоннагийн Interview сэтгүүлд зориулсан хорт могойтой зураг эсвэл корсет өмссөн Кейт Моссын хөлийнхөө хуруугаар тамхи барьсан зургийг (Их Британийн Numero сэтгүүлд зориулсан) энэхүү номоос харж болно. Уг номонд нийт 300 гаруй гэрэл зураг багтжээ.
Мерт ба Маркус нар Наоми Кэмпбелл, Лара Стоун, Стефани Сеймур, Кристен Макменами гэх зэрэг нэр бүхий загвар өмсөгчдийн нүцгэн зургуудыг дарж байснаараа алдартай. Тэд мөн саяхан уулын гутлаас өөр юу ч өмсөөгүй Ким Кардашьяны зургийг авсан байгаа.
"Нүцгэн зураг бол хүний биеийн галбир болон хүслийн хослол юм. Би нүцгэн биеийг уран баримал эсвэл бие махбодь талаас нь сонирхдоггүй. Харин хүний биеийн хүч, зориг, цэвэр байдлаас нь хардаг" гэж Мерт Алас ярьлаа.
"Номонд орсон ихэнх зургууд бидний маш онцгой цаг мөч болон дурсамжуудыг агуулж байгаа. Тухайн үед бидний дуу хоолой загвар, урлагийн ертөнцөд дөнгөж л дуулдаж эхэлж байсан юм. Маш олон дурсамж болон түүхүүд хадгалагдан үлджээ" гэж тэрээр нэмж хэлсэн байна.
"Mert Alas & Marcus Piggott" ном $587 үнэтэйгээр худалдаанд гарна.