Каннын кино наадмын улаан хивсэн дээр монгол дээлтэйгээ...
“-40 хэм хүртэл хүйтэрдэг дүн өвлийн хүйтэнд галгүй гэрт амь зүдэхийн оронд өвөл иччихдэг баавгай болоод төрчихсөн бол”... хэмээн арга тасран бодох өсвөр насны хөвгүүнд физикийн олимпиадад түрүүлснээр тэтгэлэг авч, хар утаанд хордсон амьдралаа өөрчлөх ганц л боломж бий...
Гэр хороололд өсөн торниж буй мянга мянган бяцхан зүрхнүүдийн дуу хоолой болсон “Баавгай болох сон” хэмээх уран сайхны кино 76 дахь Каннын кино наадмын Un Certain Regard төрөлд нэр дэвшиж, Монголын кино урлагийн хуудаснаа шинэ түүх бичлээ. Уг киноны найруулагч П.Золжаргал болон киноны гол дүрийн жүжигчид болох Ү.Батцоож, Б.Төгөлдөр, Ц.Номинжигүүр нар өчигдөр Каннын кино наадмын улаан хивсэн дээр монгол дээлтэйгээ алхаж, танхим дүүрэн үзэгчдийн хүндэтгэн боссон алга ташилт дор киногоо албан ёсоор нээсэн юм. Агаарын бохирдол, хүүхдийн эрхийн зөрчил гээд Монголын ирээдүйд нүүрлэж буй том асуудлыг тив дэлхийн хэмжээнд хөндсөн гайхалтай уран бүтээл болсныг Каннын кино наадмын шүүгчид болон салбар нэгтнүүд тодотгосоор байна.
“Баавгай болох сон” УСК-ны зохиолын санаа 2017 оны идэр есийн хүйтэнд утааны эсрэг жагссан тэмцлийн үеэр найруулагч П.Золжаргалд төрсөн бөгөөд тэрээр өнгөрсөн зургаан жилийн турш “Талентс Токио”, “TorinoFilmLab” зэрэг хөтөлбөрүүдэд хамрагдаж кино зохиолын хөгжүүлэлтээ хийжээ. Ингээд олон улсын стандартад нийцсэн бүтээл хийхийн тулд Франц кино сан, Парис хотын кино сан, Монголын Финтек групп, Лантуун Дохио ТББ, Швейцарын хөгжлийн агентлаг гэх мэт дотоод болон гадаадын цөөнгүй газруудаас дэмжлэг авч, одоогоор нийт нэг тэрбум төгрөгийн зардал гаргаад буй. Дөчөөд монгол уран бүтээлчдээс бүрдсэн кино баг -35 хэмийн хүйтэнд гэр хороололд зураг авалтаа хийж дууссаны дараа пост-продакшны ажил Франц улсад хийгджээ. Түүнчлэн Жоханни Куртет хэмээх угсаатны хөгжим судлаач уг киноны хөгжмийг бичиж, Францын “Urban Group”-ийн ерөнхийлөгч Фрэдерик Корвез, охин компани болох “Urban Factory” продакшн компанийн захирал Маева Савинен нар продюсерлосон юм.
Каннын кино наадам нь үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд үүнээс Directors' Fortnight болон Un Certain Regard гэсэн хоёр төрөлд “Баавгай болох сон” УСК сонгогдож, найруулагч болон продюсерын сонголтоор чадварлаг залуу найруулагчдын шинэ дуу хоолойг онцолдог Un Certain Regard-д өрсөлдөхөөр болжээ. Уг кино Монголд нээлтээ хийхээс урьтаж Францад нээлтээ хийх бөгөөд кино багийнхан дараа дараагийн олон кино наадам, фестивалиудад киногоо сойхоор төлөвлөөд буй.
“Баавгай болох сон” УСК-ны трейлэр болон Каннын кино наадмын сайт дээрх албан ёсны мэдээллийг хүлээн авна уу.