Солонгос олон ангит киноны зохиолд гарсан сонирхолтой өөрчлөлтүүд
Өнгөрсөн онд Netflix-ийн нийт үзэгчдийн 60-аас дээш хувь нь К-драма болон солонгос цуврал шоунуудыг үзсэн гэсэн судалгаа гарчээ. Алдарт “Squid Game” цуврал Netflix дээр тавигдсанаас хойш 28 хоногийн дотор 1.65 тэрбум цагийн үзэлттэй байсан нь тус платформын түүхэнд шинэ рекорд тогтоосон юм. Энэ мэт солонгосын олон ангит кинонуудын үсрэнгүй амжилтыг сийрүүлэхээс урьтаж, улиг болсон “савангийн дуурь” гэгдэж явсан цувралуудынх нь эх зохиолд гарсан эрс шинэчлэлтийн тухай ажиглалтаа уншигчидтайгаа хуваалцъя.
1. Сэдэв сонголт
Ямар нэг К-драма үзэхийг хүсвэл нэгдүгээр ангийн эхний 30 минутыг үзээд, төгсгөлийн ангийн сүүлчийн 30 минутыг үзэхэд тухайн 16 ангитай киног бүхэлд нь таамаглаад ойлгочих боломжтой байсан нь саяхан. Учир нь ихэнх солонгос цувралуудын зохиолын агуулга, гол дүрүүдийн замнал, уналт босолт, зангилаа тайлал нь өөр хоорондоо төстэй, урьдчилан таамаглахад хялбар байв. Дурласан хос зовж зовж, учраа олсны эцэст төөрөлдсөн ах дүүс болж таардаг, эсвэл зовлого нь дуусдаггүй гол дүрийн эмэгтэйг одоо л нэг жаргах нь гэж бодтол хорт хавдар тусчихдаг. Харин орчин үеийн олон ангитуудынх нь сэдэв урьдын улиглалаасаа хальж, Холливудын онц сонирхолтой кинонуудаас дутахааргүй үзүүштэй зохиолтой болсныг стриминг платформууд дээрх амжилтуудаас нь анзаарч болно. Солонгос цувралаас нарийн мэргэжлүүдийн онцлог, бизнесийн ухаан, мөнгө санхүү, хувьцааны зах зээлийн тухай хүртэл товхийсэн ойлголттой болно гэж хэн санах вэ дээ.
2. Аюултай ээжүүд
Солонгос цуврал дээр гардаг ээжийн дүрүүд ихэнх нь нэгэн хивэнд цутгачихсан мэт үг дуу цөөтэй, эсвэл айхтар хашхичаа, ядуу зүдүү, эсвэл тэнгэрийн амьдралтай, бүгд үрийнхээ төлөө нүдээ ухахаас сийхгүй, салж хагацашгүй хэлбэрээр дүрслэгддэг. Өөрөөр хэлбэл тэд хэзээд хүүхдийнхээ бат ар нь байсаар ирсэн. Харин орчин үеийн эхийн дүрүүд эсрэгээрээ хүүхдээсээ хараат бус, бие даасан амьдрал болон зорилготой, хэрэг бишидвэл хүүхдийнхээ эсрэг ч босож чадахаар өршөөлгүй бас хүчирхэг болжээ. Үүний хамгийн том нотолгоо бол Netflix-ийг ид шуугиулж байгаа өшөө авалтын тухай “Glory” цувралын эерэг, сөрөг гол дүрүүдийн ээжүүд юм.
3. Хангүг үндэстний илүүрхэл
"Showbox" кино компанийн 2020 оны бүтээл “Itaewon Class” цуврал бол солонгос олон ангитын түүхэн дэх бизнес, хайр дурлалын сэдэв хосолсон хамгийн амжилттай жишээ. Уг киноны туслах дүр болох солонгос аав, гвиней ээжтэй Тони гэх африк залуугийн мөрөөдөл нь Солонгосын иргэншил авах. Англиар ярьж чаддаггүй атлаа солонгос хэлэнд “ус цас”, өөрийгөө солонгос хүн хэмээн бат итгэх Ким Тонигийн дүрээр “Солонгос бол мөрөөдлийн улс” гэдэг мессеж өгснийг үзэгч та анзаарсан уу? Энэ мэт тэд хоолныхоо соёл, зартай дүүргүүдийнхээ онцлог, залуусынхаа өвөрмөц хэв маягийг кино кадрт буулгаж, түүгээрээ эх орныхоо имижийг тодорхойлон дэлхийд сурталчилсаар байна.
4. Эрс шулуухан, илүү нээлттэй
Хэрвээ солонгос цуврал дээр эр эм хоёр нэг нэгэндээ дурласан бол чигчий хуруу нь шүргэлцэж, тогонд цохиулсан мэт царай нь хувхай цайхаас хэтэрдэггүй байлаа. Гэтэл “World of the marriage”, “Money heist” зэрэг цувралууд уг ханыг цөм цохиж, секс сценээс цэрвэсэнгүй. Түүнчлэн мансууруулах бодис, ижил хүйстэн гэх зэрэг тэр бүр харагдаад байдаггүй сэдвүүдийг ч зоригтой барьж авдаг болсон нь сайшаалтай.
5. Эхлээд эмэгтэйчүүд
Сэтгэлээ илчилж, уучлалт гуйж, цэцэг барьж гүйх ёстой хүн нь эрэгтэй дүр байх ёстой гэх үзлийг няцааж, хосын харилцаанд манлайлагч байж чаддаг эмэгтэй дүрүүд бий болсон нь онцлох хувьсал юм. Дурлалт залуугаа өөрийн болгохоор тэмцэж байгаа Gen-Z охины дүр “Itaewon Class”-ын өөр нэгэн сонирхолтой өнцөг байсан билээ.
6. Зөвтгөлгүй сөрөг дүрүүд
Солонгос цувралын сөрөг дүрүүд улам хэрцгий, улам өршөөлгүй болсоор байгааг “The penthouse”, “My name”, “Glory” зэрэг олон ангитуудаас харж болно. Кино зохиолчид олон ангитынхаа төгсгөл хэсэгт үзэгчдийн сэтгэлийг уяруулахын тулд сөрөг дүрүүддээ өнгөрсөн амьдралын гунигт түүх зохиох нь элбэг байв. Ямар нэг трауматай, түүнээсээ болж муу дүрд хувирсан түүхүүд цөөнгүй бий. Гэтэл энэ хэв маяг өөрчлөгдөж, киноны үйл явдлыг улам хурцатгахын тулд сөрөг дүрдээ ямар нэг зөвтгөл өгөх гэж оролдохоо больсон нь дээрх цувралуудаас анзаарагдана.