Хайх

Кайли Женнер \"The Handmaid's Tale\" цувралаас сэдэвлэсэн үдэшлэг зохиосныхоо төлөө шүүмжлэлд өртлөө

Кайли Женнер "The Handmaid's Tale" цувралаас сэдэвлэсэн үдэшлэг зохиосныхоо төлөө шүүмжлэлд өртлөө

Хүмүүс түүнд Маргарет Этвудын эх зохиолыг уншиж эсвэл ядаж "The Handmaid's Tale" цувралыг үзэхийг санал болгожээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Хамгийн залуухан тэрбумтан, Кардашьян-Женнер гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер саяхан өөрийн сайн найз Анастасия Караниколауд зориулан "The Handmaid's Tale" цувралаас сэдэвлэсэн төрсөн өдрийн үдэшлэг зохиож өгснийхөө төлөө олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөөд байна. Үдэшлэгийн зочид цувралд гардаг зарц эмэгтэйчүүд шиг улаан өнгийн нөмрөг, цагаан малгай өмсөж, баярын ширээгээ улаан сарнай, хар өнгийн лаагаар чимэглэсэн байжээ.

Төрсөн өдрийн үдэшлэгийн зургууд олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа Twitter-ийн хэрэглэгчид "The Handmaid's Tale"-ийг костюм үдэшлэгт ашиглах нь зохимжгүй гэдгийг ойлгуулахын тулд Кайли Женнерт зохиолч Маргарет Этвудын бичсэн эх зохиолыг уншиж эсвэл Hulu компанийн бүтээсэн цувралыг үзэхийг санал болгожээ.

Үүнээс гадна сүүлийн үед АНУ-ын зарим мужид үр хөндөлтийг хориглосон хууль баталж эхэлсэнтэй холбогдуулан эмэгтэйчүүд "The Handmaid's Tale" цувралын костюмыг өмсөн өөрсдийн эрхийн төлөө тэмцэж байгаа билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хурцаар хөндөгдөж байгаа энэ үед Кайли Женнер тэдний тэмцлийн бэлгэ тэмдэг болсон хувцсыг өмсөж үдэшлэг зохиосон нь зохисгүй шийдвэр байсан хэмээн олон хүн үзэж байгаа юм.

Эргэн сануулахад "Handmaid's Tale" цуврал нь дарангуйллын системтэй Гиллеад хэмээх ирээдүйн улсын тухай өгүүлдэг бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас дэлхийн дийлэнх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж чадахаа больсон байдаг. Харин нөхөн үржих чадвартай цөөн эмэгтэйчүүдийг хүчээр зөвхөн дээд албан тушаалтнуудад хүүхэд төрүүлж өгөх үүрэгтэй зарц нар болгон хувиргадаг. Зохиол болон цуврал тэдгээр бүсгүйчүүдийн хөөрхийлөлтэй амьдралын тухай өгүүлдэг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх