Хайх

Харри Стайлс энэ оны тавдугаар сард шинэ цомгоо гаргана

Харри Стайлс энэ оны тавдугаар сард шинэ цомгоо гаргана

“Harry’s House”

Text: Buro.Mongolia


Ямар нэгэн хэв маягт баригдалгүй, сонирхолтой атлаа давтагдашгүй загварын мэдрэмжтэй хувцасладаг, мөн уран бүтээлээрээ өвөрмөц хэмнэл мэдрүүлдэг дуучин Харри Стайлс энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр “Harry’s House” нэртэй шинэ цомгоо гаргахаар болжээ. Хэвлэлүүдийн мэдээллэснээр шинэ цомогт нийт 13 дуу багтах гэнэ.

Харри өөрийн Instagram хуудаснаа мөн тун удахгүй олны хүртээл болох шинэ цомгийнхоо нүүр зурагнаас хуваалцсан бөгөөд тэрхүү зураг дээр тэрээр урвуу харсан өрөөнд трапеци хэлбэрийн өмд болон дэрвэгэр, “питер пэн” захтай цамц өмссөн зогсож буй харагдана. Хүйсгүй хувцаслалтыг түгээж, хэвшмэл ойлголтуудыг эвдсээр ирсэн Харригийн шинэ цомогт багтах дуунуудын видео клипүүдэд үзэгдэх хувцас болон аксесуарууд олны анхаарлын төвд байна гэдэгт итгэлтэй байна.

Тэрээр хамгийн сүүлд 2019 онд “Fine Line” хэмээх цомгоо толилуулж байсан бөгөөд уг цомгоороо AMA шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг поп/рок цомог”, ARIA ёслолоос “Шилдэг олон улсын уран бүтээлч” зэрэг хүндэт шагналуудыг хүртсэн билээ. Ингээд бүтэн гурван жилийн дараа гурав дах бүрэн хэмжээний цомгоо гаргах гэж буй дуучны шинэ бүтээлүүдийг олон сая хүн тэсэн ядан хүлээж байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх