Клэр Фой “Луун шивээст охин” киноны дараагийн ангид танигдахын аргагүй өөрчлөгджээ
Хатан хаанаас хакер болж хувирлаа
Sony кино компани "Луун шивээст охин"-ы дараагийн анги болох "Аалзны торонд орооцолдсон охин" киноны трейлерийг цацсан байна. Уг кино нь Шведийн зохиолч Давид Лагеркранцын ижил нэртэй номоос сэдэвлэн бүтээгдэж байгаа бөгөөд Стиг Ларссоны алдарт "Луун шивээст охин" номонд гардаг түүхийн үргэлжлэл юм.
"Аалзны торонд орооцолдсон охин" киног Федерико Альварес найруулсан бол гол баатар болох Лисбет Саландер гэх хакер бүсгүйн дүрд "The Crown" цувралд хатан хаан II Элизабетийн дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Клэр Фой тогложээ. Киноны трейлерээс харахад Клэр Фой хамраа цоолж, үсээ маш богино тайрч, тас хар өнгөөр будан ер нь л гаднах төрхөө эрс өөрчилсөн байгаа нь харагдана.
Эргэн сануулахад өмнө нь Дэвид Финчерийн найруулсан "Луун шивээст охин" (2011) кинонд Лисбет Саландерын дүрийг жүжигчин Руни Мара бүтээж байсан билээ. Тэрээр энэ дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан удаатай.
"Аалзны торонд орооцолдсон бүсгүй" кино 2018 оны арваннэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийнэ.