Электроник хөгжим сонирхогчдын анхааралд: MAJESTY 5 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна
Нийт 32 хамтлаг, уран бүтээлч, DJ нар оролцоно
INTRO, Spirit of Gobi, Bass Jungle, Үүлэн наадам зэрэг Mонгол улсад зохиогдож байсан томоохон электроник хөгжмийн фестивалиуд, соёлын арга хэмжээнүүдийг та сайн мэднэ байх. Өөрөө биечлэн оролцож амжаагүй ч хаа нэгтэйгээс дуулсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл эдгээр амжилттай үйл ажиллагаануудын ард байдаг, электроник тэр дундаа underground хөгжмийн соёлыг эх орондоо хөгжүүлсээр ирсэн Majesty label энэ жил 5 нас хүрж байгаа бөгөөд энэ сарын 11,12 өдрүүдэд Sky Resort-д ойн арга хэмжээгээ тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Уг эвент нь 2 өдрийн турш, 3 төрлийн тайзтай (Jungle Stage, Bass Stage, Live Stage) зохиогдох ба нийт 32 хамтлаг, уран бүтээлч, DJ нар оролцохоор болсон байна.
Majesty label нь анх 2015 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаад болон дотооддоо томоохон соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж, Ази болон Европын нэр хүнд бүхий 70 гаруй DJ-г урин тоглуулж, дан ганц электроник хөгжмийн эвентүүд зохион байгуулахаас гадна залуу үеийнхээ хөгжмийн боловсролд анхааран Монголдоо урьж авчирсан нэр нөлөө бүхий гадаад DJ нартай хамтран электроник хөгжмийн сургалт, workshop тогтмол явуулж, Монголын андерграунд электроник хөгжмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байгаа билээ.
Тэд мөн дэлхийн томоохон электроник хөгжмийн наадам болох Amsterdam Dance Event 2019 /ADE/-д Монгол улсаа төлөөлөн оролцож, эх орноо олон улсын тавцанд амжилттай сурталчилсан гээд энэ богино хугацаанд олон ч ажлын ард гарсан юм.
Ингээд Монголын электроник хөгжмийг дэлхий дахины электроник хөгжмийн чиг хандлагатай мөр зэрэгцүүлэн авч явахын төлөө цаг хугацаатай уралдан ажиллаж буй MAJESTY-н хамт олонд 5 жилийн ойн баярын мэндийг хүргэж, электроник хөгжимд хайртай бүх залуусаа Sky Resort-д дуудаж байна.