Мэрилин Монрогийн дүрд тоглох жүжигчин тодорлоо
Куба гаралтай жүжигчин Ана де Армас
Netflix компани Жойс Кэрол Оутсын "Blonde" нэртэй алдарт зохиолоос сэдэвлэсэн Мэрилин Монрогийн тухай намтарчилсан киног бүтээхээр болсон билээ. Тэгвэл кино урлагийн түүхэнд төрсөн хамгийн алдартай шаргал үстнүүдийн нэг болох жүжигчин Мэрилин Монрогийн дүрд Куба улсын жүжигчин Ана де Армас тоглохоор болсныг Collider мэдэгдэж байна. Өмнө нь энэ дүрийг жүжигчин Жессика Честейн ба Наоми Уоттс нарт санал болгож байсныг эх сурвалж онцолжээ.
"Blonde" киног Эндрю Доминик найруулахаар болсон бол продюсеруудын жагсаалтад Брэд Питтийн нэр дурдагдсан байна. Киноны үйл явдалд Норма Жин Бейкер гэх энгийн нэгэн бүсгүй хэрхэн Мэрилин Монро хэмээх Холливүүдийн супер од болон хувирч байгааг харуулах юм.
2010 оноос эхлэн яригдаж байгаа уг төслийн зураг авалт энэ зун хийгдэж эхлэхээр болжээ. Өдгөө 30 настай Ана де Армасын урын санд хэд, хэдэн кино бий ч тэдгээрээс хамгийн алдартай нь 2017 онд гарсан шинжлэх ухааны уран зөгнөлт "Blade Runner 2049" кино юм. Тиймээс түүний хувьд Мэрилин Монрогийн дүрийг бүтээх нь карьерынх нь онцлох мөчүүдийн нэг болох нь гарцаагүй.