Хайх

Олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд

Олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд

Text: Buro.Mongolia


Хурим гэдэг хүний амьдралд тохиолдох хамгийн чухал, аз жаргалаар дүүрэн, гайхалтай үйл явдлуудын нэг билээ. Харин үргэлж олон нийтийн анхаарлын төвд байдаг алдартнуудын хувьд сэтгэл догдлом, нандин өдрөө шүтэн бишрэгч нартайгаа хуваалцаж, нийгмийн сүлжээг тэр чигт нь донсолгох нь элбэг байдаг ч зарим нэг нь бусдын нүднээс далд, зөвхөн гэр бүл, дотнын найзуудынхаа хүрээнд гэрлэлтээ батлуулж, хувийн орон зайгаа чухалчлах нь бий. Иймд бидний зүгээс олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд болон тэдний хуримын талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.


Милли Бобби Браун болон Жейк Бонжови

Stranger Things цувралын од Милли Бобби Браун болон алдарт Bon Jovi хамтлагийн гоцлол дуучин Жон Бонжовигийн хүү Жейк Бонжови нар 2023 онд сүй тавьсан гэдгээ зарлаж байсан. Тэд анх Instagram-аар дамжуулан танилцаж, удалгүй нэгэндээ татагдаж үерхэх болсон гэдэг. Тэгвэл хосууд өнгөрөгч тавдугаар сарын 24-нд гэрлэлтээ батлуулж, цомхон хурим хийсэн ба 2025 онд илүү өргөн хэмжээнд, олон зочидтойгоор дахин хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Сонирхуулахад, хоёр талын гэр бүл хоорондоо маш сайн харилцаатай бөгөөд Жейкийн аав Жон Бонжови тэдний талаар "Милли үнэхээр гайхалтай. Жейк маш жаргалтай байгаа" хэмээж байжээ. 

Олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд (фото 1)

Usher болон Женнифер Гойкочеа

Дуучин Usher болон түүний гэргий Женнифер Гойкочеа нар 2019 онд нэгэн найзынхаа төрсөн өдрийн баяр дээр танилцжээ. Удалгүй тэд болзож эхэлсэн ба өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болсон билээ. Харин хосуудын нууцлаг хуримын хувьд өнгөрөгч хоёрдугаар сард болсон Super Bowl 2024 тэмцээний халфтайм шоуны үеэр дуучин Usher гайхалтай үзүүлбэрээ толилуулж, нийгмийн сүлжээг тэр чигт нь доргиогоод амжсан тэрхүү үдэш болсон байна. Тоглолтын дараагаар тэд Лас-Вегас хотод гэрлэлтээ батлуулж, Usher-ийн ээж тэдний хуримын гэрч болсон ажээ. 

Usher хуримынхаа талаар "Тэр үе бидний хувьд үнэхээр гайхалтай мөч байсан. Түүний минь ээж, миний ээж, хүүхдүүд маань бас ойрын ах дүүс минь бүгд тэнд байсан. Тэгээд л би шууд 'Бид яг одоо хуримаа хийх болно' гэхэд тэд үнэхээр алмайрсан шүү" хэмээжээ.

Олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд (фото 2)

Эшли Олсен болон Луи Эйснер

Холливүүдийн хамгийн нууцлаг хос гэгддэг The Row брэндийн үүсгэн байгуулагч ихэр эгч дүүсийн нэг Эшли Олсен болон түүний нөхөр Луи Эйснер нар удаан хугацаанд найзууд байсны эцэст 2017 оны сүүлээр үерхэж эхэлжээ. Харин 2022 онд Эшли Олсен сүйн бөгж зүүсэн явж байхыг нь гярхай нүдтэй шүтэн бишрэгчид нь ажиглаж, улмаар тэднийг сүй тавьсан гэх цуурхал гарсан ч Эшли болон Луи нарын зүгээс ямар ч тайлбар өгөөгүй юм. Ийнхүү 2022 оны арванхоёрдугаар сард хосууд 50 гаруй зочинтой цомхон хурим хийсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэдний нэгэн танил нь хуримын талаар People сэтгүүлд хуваалцахдаа "Эшли, Луи нарын хувьд үнэхээр төгс хурим болсон. Тэд хэт сүрлэг, том тэмдэглэхийг хүсээгүй" хэмээжээ. 

Удалгүй 2023 оны наймдугаар сард хосуудыг анхны хүүхдээ өлгийдөж авсан талаарх мэдээлэл гэнэтхэн цацагдсан бөгөөд улмаар хосууд хүүхдээ төрсний дараа бяцхан хүүтэй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд (фото 3)

Марго Робби болон Том Акерли

Жүжигчин Марго Робби болон продюсер Том Акерли нар анх 2013 онд Suite Française киноны үеэр танилцаж байжээ. Удалгүй тус кино багынхан хамтдаа Лондон хотод байр түрээсэлж амьдрах болсон ба тухайн үедээ хосууд нэгэндээ татагдаж үерхэж байсан гэдэг. Марго Робби энэ талаар "Би хүмүүст 'Бид зүгээр л сайн найзууд' гэж хэлээд харилцаагаа нууцлахыг их хичээдэг байсан ч удалгүй баригдчихсан" хэмээж байжээ. 

Ийнхүү 2016 онд Марго Робби Instagram-аараа дамжуулан сүй тавьсан гэдгээ зарлаж, үүнээс нэг их удалгүй олон нийтээс нууцаар хуримласан гэнэ. Чимээгүйхэн гэрлэлтээ батлуулсан жүжигчин бүсгүй дөрвөн жилийн дараа MTV News-д өгсөн ярилцлагадаа "Яг л миний мөрөөдлийн хурим болсон. Сүйт залуу руугаа алхаж байх мөчид маань True Romance кино дээр гардаг ая эгшиглэсэн" гэж хуваалцжээ.

Олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд (фото 4)

Аня Тейлор-Жой болон Малколм МакРэй

Жүжигчин Аня Тейлор-Жой болон хөгжимчин Малколм МакРэй нар яг хэзээ танилцаж, үерхэж эхэлсэн талаар тодорхой мэдээлэл хомс хэдий ч 2021 онд тэд олон нийтэд ил тод болзож эхэлсэн юм. Удалгүй хосууд улаан хивсний ёслолд цугтаа оролцож, мөн хамт амьдарч байгаа гэдгээ зарлаад амжсан. Тэгвэл Аня Тейлор-Жой өнгөрөгч дөрөвдүгээр сард Instagram-аараа дамжуулан 2022 онд найз залуутайгаа хуримласан гэдгээ нээлттэй хуваалцсан юм.

Тэрээр энэ талаар "Бид үнэхээр романтик хүмүүс. Бид бүр нэг өдөр төрсөн. Тэгээд л бид хоёр хуримаа зөвхөн өөрсдөдөө зориулж хийхийг хүссэн болохоор хоёр найзыгаа дагуулаад Нью Орлеанс руу явсан. Тэр мөч үнэхээр гайхалтай байсан. Дараа нь гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ баяраа тэмдэглэхэд бүр ч ид шидийн мэт үзэсгэлэнтэй, сайхан болсон. Би өөрийгөө маш азтай нэгэн гэж бодож байна" хэмээжээ. 

Олон нийтээс нууцаар хуримлаж байсан алдартнууд (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх