Рок-н-роллын хатан хаан Тина Тернер таалал төгслөө: Түүний гайхалтай дуунуудыг эргэн дурсъя
Гунигт мэдээтэй өдөр биднийг угтаж байна. Өнөөдөр Америкийн алдарт дуучин Тина Тернер удаан хугацаагаар өвдсөний эцэст 83 насандаа Швейцарын Цюрих хотын ойролцоох Куснахт дахь гэртээ таалал төгссөн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Бернард Догерти мэдэгдлээ. Тэрбээр 2013 онд цус харваж, 2016 оноос хойш гэдэсний хорт хавдартай тэмцэж байжээ.
Рок-н-роллын домогт дуучин, дуу зохиогч, бүжигчин, жүжигчин, номын зохиолч Тина Тернер 1939 оны 11-р сарын 26-нд АНУ-ын Теннесси мужид төрсөн бөгөөд карьерынхаа түүхэнд нийт найман удаа Грэмми шагнал хүртэж, Rolling Stone сэтгүүл түүнийг манай үеийн хамгийн агуу дуучдын нэгээр нэрлэсэн билээ. Хэн хүнд заяамгүй алдар нэр, амжилт ололтоор бялхам хувь тавиланд төрсөн ч түүний хувийн амьдрал хэр баргийн хүний дааж чадамгүй хүнд бэрхээр дүүрэн байсан юм. Энэ тухай 1986 онд “Тина, миний амьдралын түүх” нэртэй баримтат кино бүтээгдэж, улмаар намтарчилсан ном, Опрагийн шоу гарч, Broadway театрт хөгжимт жүжиг хүртэл тавигдаж байсан удаатай. Тэрээр 1957 онд Kings of Rhythm хамтлагт дуулж уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд тус хамтлагийн хөгжимчин Айктай гэрлэснээр 1978 онд салах хүртлээ гэр бүлийн хүчирхийлэл, хууран мэхлэлт дунд амьдарсан юм. Ингээд 1984 онд буюу 45 насандаа анхны бие даасан “Private Dancer” цомгоо гаргасан нь 20 сая хувь борлогдож, гурван Грэммигийн шагнал хүртсэнээр тэрээр алдрын оргил өөд хурд аван давхисан билээ. 2013 онд Тина 27 жилийн турш уран бүтээлийн хамтрагч байсан продюсер Эрвин Бахтай гэрлэж, Швейцарын иргэншил авсан юм. Түүний хожуу гэрлэлт аз жаргалтай өнгөрсөн боловч түүний дөрвөн хөвгүүдээс (хоёр нь экс нөхөр Айкаас үрчилж авсан) ууган хүү Рэймонд Крэйг нь 2018 оны долоодугаар сард амиа хорлож, дөрвөн жилийн дараа хүү Ронни нь бүдүүн гэдэсний хорт хавдраар нас баржээ.
Гэр бүлийн хүчирхийллийн хүнд дарамтаас 40 насандаа өөрийгөө чөлөөлж, жинхэнэ утгаар мандан бадарсан домогт дуучин, хүчирхэг эмэгтэйчүүдийн түүчээ, Рок-н-роллын хатан хаан Тина Тернерыг эргэн дурсаж, шилдгийн шилдэг уран бүтээлүүдээс нь хамтдаа сонсоцгооё.
“What’s Love Got to Do With It” (1984)
“We Don’t Need Another Hero” (1985)
“Typical Male” 1986.
“Better Be Good to Me” (1984)
“Proud Mary” (1971)
“Private Dancer” (1984)