Salvatore Ferragamo үзэсгэлэн гаргана: Сальвадор Далигийн урласан даашинз багтсан
Загвар болон урлагийн нэгдэл
Salvatore Ferragamo компани "Across Art and Fashion" нэртэй үзэсгэлэн гаргах гэж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэнд загварын ертөнц болон урлагийн салбарын хамтын ажиллагааг харуулсан бүтээлүүд дэлгэгдэнэ. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийг Флоренцийн үндэсний төв номын сан, Uffizi Gallery, Marino Marini Museum болон Prato Textile Museum зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах аж. Харин үзэсгэлэнгийн эрхлэгчээр Мария Луиза Фриза, Энрика Морини, Стефания Ричи, Альберто Сальвадорь зэрэг нэр хүндтэй эрхмүүд ажиллах юм. Нэмж хэлэхэд, Мария Луиза Фриза нь ийм төрлийн сэдэвтэй үзэсгэлэнгүүд гаргадаг гэдгээрээ алдартай.
"Across Art and Fashion" үзэсгэлэнгийн үзмэрүүд дунд Америкийн зураач Кеннет Ноландын 1950-аад оны бүтээлээс сэдэвлэсэн Salvatore Ferragamo-гийн гутал, 1930-аад онд Сальвадор Дали болон Эльза Скиапарелли нарын хамтран урласан "хавчтай" даашинз байгаа юм. Түүнчлэн зураач Пит Мондрианы уран бүтээлээс урам авч хийсэн Yves Saint Laurent-ын даашинз, Hussein Chalayan-ы модон корсет болон Undercover брэндийн бүтээлч захирал Жүн Такахашигийн даашинз багтжээ.
Энэхүү үзэсгэлэн олон нийтэд 2017 оны дөрөвдүгээр сарын 7 хүртэл нээлттэй байхаар төлөвлөгджээ.