Шинэ “Карибын тэнгисийн дээрэмчид” кино Жонни Деппгүй үргэлжилнэ
Ахмад Жек Спарроу хөлгийн гадна үлдлээ
Алдарт "Карибын тэнгисийн дээрэмчид" франчайз дахин шинэчлэгдэн гарахаар болсон байгаа. Харин ахмад Жек Спарроугийн дүрийг олон жил амжилттай бүтээж ирсэн жүжигчин Жонни Депп энэхүү шинэ төсөлд оролцохгүй гэдгийг тус киноны продюсеруудын нэг Стюарт Битти мэдэгджээ.
Түүний хэлснээр хамгийн сүүлд гарсан ангиуд маш бага орлого олсон тул Disney кино компани "Карибын тэнгисийн дээрэмчид" киног эрс шинэчлэхээр шийдсэн гэнэ. Үүнээс гадна тэдний шийдвэрт Жонни Деппийн нас нөлөөлсөн болохыг тэрээр онцолсон байна. Эргэн сануулахад тэрбээр саяхан 55 насыг зооглосон юм.
Disney кино компанид ойролцоогоор 4 тэрбум ам.долларын ашиг авчирсан "Карибын тэнгисийн дээрэмчид" франчайзын бүх ангид (нийт 5 анги) Жонни Депп тоглосон юм. 2004 онд тэрээр ахмад Жек Спарроугийн дүрээр Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч энэхүү шагнал Шон Пеннд очсон билээ.
Мөн саяхан энэхүү шинэ төсөлд продюсер Жерри Брукхаймер эргэн ирнэ гэсэн мэдээ цацагдаад байна.