Стэндап комедиан гэгдэх болсон Брэд Питтийн шагнал гардан авахдаа хэлсэн үгс
“Саяхан ганц бие болсон Их Британид хандан манай нийгэмлэгт тавтай морилно уу гэж хэлэх гэсэн юм”
Брэд Питт бол өнөө цагийн шилдэг жүжигчдийн нэг, чадварлаг продюсер, дэлхийн хамгийн дур булаам эр гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Одоо харин тэрээр мөн Холливүүдийн шилдэг комедиануудын нэг хэмээн нэрлэгдэж байна. Учир нь энэ жилийн шагнал гардуулах улирлын үеэр Брэд "Once Upon a Time...in Hollywood" киногоороо хэд, хэдэн шагнал хүртээд байгаа бөгөөд шагнал гардан авах бүртээ тайзнаа гэнэтийн хошигнол хэлэн үзэгчдийг хөгжөөдөг уламжлал тогтоогоод байгаа юм.
Тодруулбал шагнал гардуулах улирлын салхийг хагалсан Golden Globes ёслолоос Брэд Питт шилдэг туслах дүрийн шагналыг хүртэхдээ "Ах, дүүс шиг болсон хамтрагч ЛДК-д (Леонардо ДиКаприо) талархлаа илэрхийлмээр байна. Би модон хавтанг чамтай хуваалцах байсан шүү" хэмээн алдарт Титаник киноноос эш татан Роузын оронд Жекийн амийг аврах байснаа хэлж, үзэгчдийг нэг сайн инээлгээд авсан билээ. Түүнчлэн тэрээр үүний дараа, нэгдүгээр сарын 19-нд зохиогдсон SAG Awards ёслол дээр мөн л шилдэг туслах дүрийн шагналыг авахдаа "Би энэ амжилтаа өөрийн Tinder хуудас дээр нэмэх болно оо" хэмээн саяхнаас албан ёсоор ганц бие болсон талаараа хошигносон юм.
Брэд энэхүү өөрийн стэндап комедианы ур чадвараа хэдхэн цагийн өмнө болж өнгөрсөн BAFTA шагнал гардуулах ёслол дээр ч мөн дахин нэг удаа харуулаад авлаа. Шилдэг туслах дүрийн шагналын эзнээр тодорсон тэрээр харамсалтай нь ёслол дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж чадаагүйн улмаас Марго Роббигоор дамжуулан шагналыг хүлээн авч, үзэгчдэд хандан хэлэх талархлын үгсээ цаасан дээр заавар болгон бичиж явуулжээ.
"Юуны өмнө саяхан ганц бие болсон Их Британид хандан манай нийгэмлэгт тавтай морилно уу гэж хэлэх гэсэн юм" хэмээн дэлхийн дахины анхаарлыг татаж буй Брекситын асуудлыг хөндөж "Мөн мэдээж надад ийм их хүндлэл үзүүлсэн кино академийн хамт олондоо маш их талархаж байна. Энэ шагналыг олон агуу жүжигчид хүртэж байсан тул миний хувьд үргэлж маш онцгой байр суурийг эзэлнэ" хэмээн үргэлжлүүлэн киноны хамт олныг нэр бүрчлэн дурдаж талархсанаа илэрхийлжээ.
Харин ярианыхаа төгсгөлд Брэд саяхнаас Их Британийн хатан хааны гэр бүлээс хараат бус амьдрахаар шийдэж, Лос-Анжелес руу нүүхээр болсон хунтайж Харри ба Меган Маркл нарын талаар хошигнон "Би энэ шагналаа Харри гэж нэрлэхээр шийдсэн. Шагналаа Лондонгоос АНУ руу авчрах гэж буйдаа сэтгэл догдолж байна шүү" гэжээ. Энэ мөчид шагнал гардуулах ёслолын танхимд хунтайж Харригийн гэр бүлийн гишүүд болох Кембрижийн гүн болон гүнгийн авхай нар суудлаа эзэлсэн байсныг телевизийн камерууд нэн даруй дурандаа буулган, хариу үйлдлийг нь томоор харуулжээ.