Time сэтгүүл 2021 оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ
Билли Айлиш, Илон Маск, Алексей Навальный болон бусад
Time сэтгүүл уламжлал ёсоор энэ жилийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэрийг зарлалаа. Энэхүү жагсаалтад улс төрчид, дуучид, тамирчид, бизнес эрхлэгчид, нийгмийн идэвхтнүүд, шинийг санаачлагчид гээд олон сая хүний хувьд үлгэр дуурайлал болж, түүхэнд нэрээ үлдээж буй салбар, салбарын эрхмүүд бичигддэг уламжлалтай билээ.
2021 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Талибан радикал хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Абдул Гани Барадар, Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Нгози Оконжо-Ивеала зэрэг дэлхийн удирдагчид багтжээ.
Time сэтгүүл энэ жил буяны үйлсийн ажлуудыг нь үнэлж хунтайж Харри болон Меган Маркл, Японы теннисчин Наоми Осака, ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, дуучин Бритни Спирс нарыг жагсаалтын "шүтээн" төрөлд оруулсан байна. Харин урлагийн салбарын төрөлд энэ жил дуучин Билли Айлиш, жүжигчин Кейт Уинслет, кино найруулагч Хлои Чжао, репер Lil Nas X болон бусад уран бүтээлчдийн ажлыг үнэлжээ.
Шинийг сэдэгчдийн дунд АНУ-ын Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан, Tesla болон SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск, Унгарын биохимич Каталин Карико, Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жон Нкенгасонг, Ethereum криптовалютыг бүтээсэн Виталик Бутерин болон бусад нийгэм, бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүс орсон байна.
Тэгвэл энэ жагсаалтын "салбарын акулууд" төрөлд АНУ-ын 19 настай гимнастикч Симона Байлз, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук, Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон нарыг онцолсон юм.
Энэ жилийн Time 100 сэтгүүлийн нүүрэнд Билли Айлиш, Симона Байлз, Кейт Уинслет, зохиолч Кэти Пак Хонг, Женсен Хуан ба Нгози Оконжо-Ивеала нар гарчээ.