Тимоти Шаламе найруулагч Уэс Андерсоны шинэ кинонд тоглоно
"The French Dispatch"
Жүжигчин Тимоти Шаламе алдарт найруулагч Уэс Андерсоны шинэ кинонд дүр бүтээж буйг Indie Wire сэтгүүл мэдээллээ. "The French Dispatch" гэх нэртэй энэхүү кинонд 20-р зуунд Парис хотноо ажиллаж байсан сэтгүүлчдийн тухай өгүүлэх ба одоогоор жүжигчин Тимоти Шаламе ямар дүр бүтээж буй нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн энэхүү кинонд Фрэнсис Макдорманд, Тильда Суинтон болон Билл Мюррей нар тоглож байгаа ажээ.
Найруулагч Уэс Андерсон "The Royal Tenenbaums" киноноос эхлээд "The Grand Budapest Hotel" зэрэг өвөрмөц өнгө аястай уран бүтээлүүдийг туурвиж байсан ба хамгийн сүүлд тайван тогтуун уур амьсгалтай "Isle of Dogs" хүүхэлдэйн киног гаргасан билээ.
Дашрамд дурдахад, залуу жүжигчин Тимоти Шаламе өнгөрөгч есдүгээр сард нээлтээ хийсэн "Beautiful Boy" кинонд бүтээсэн Ник Шеффийн дүрээрээ Оскарын наадамд нэр дэвших магадлалтай байгаа юм.