Улаанбаатар хотын онцлох граффити зургууд
Гудамжны урлаг
Граффити бол хип хоп урлагийн үндсэн дөрвөн урсгалын нэгэн чухал шугам гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нью-Йорк, Брүүклинээс гаралтай энэхүү урлагийн төрөл анхандаа нийтийн эзэмшлийн талбайг хорлон сүйтгэх "ажиллагаа" гэгддэг байсан ч цаг өнгөрөх тусам илүү урлаглаг болж хөгжсөн юм. Улмаар граффити зурдаг уран бүтээлчид дэлхийн хэмжээний од болон хувирч, тэдний бүтээлүүдийг дэлхийн том, том брэнд болон дизайнерууд албан ёсны эрхтэйгээр өөрсдийн загварууддаа тусгах болсон. Загварын ертөнцөөс гэхэд дизайнер Марк Жейкобс өөрийн загварууддаа граффити уран бүтээлчдийн ажлуудаас оруулах дуртай. Мөн Adidas, Converse зэрэг томоохон брэндүүдийн өнгөлөг зурагтай олон пүүз, кет та харж байсан байх. Өнгөрсөн жил гэхэд л граффити зураач Жосеф Тирни Moschino брэндийг оюуны өмчийн хулгайд буруутгасан хэрэг ч гарч байсан.
Граффити нь зөвхөн уран бичээс, зураг дүрсээс илүү улс төрийн агуулгатай, "бурууд нүд хурц" гэдгийн нэгэн илрэл болж чаддаг. Энэ нь сүүлдээ дэлхийг хамарсан хөдөлгөөн болж хувирсан ба хэрэв та Палестин, Израйлийг заагласан ханыг эсвэл, хоёр Берлинийг тусгаарлаж байсан ханыг үзэх юм бол тэнд эрх чөлөө, хүнлэг энэрэнгүй байдлыг тунхагласан олон зураг байх болно. Орчин үед ийм хөдөлгөөний хамгийн том төлөөлөгчөөр олон нийт Banksy-г нэрлэж байгаа. Banksy нь Их Британи улсаас гаралтай граффити уран бүтээлч бөгөөд улс төрийн бодлогыг эсэргүүцсэн 3D зургуудаараа маш алдартай.
Харин Улаанбаатар хотод граффити зураг 1996 онд хип хоп хөгжим анх нэвтэрсэн цаг үеэс эхлэн дэлгэрсэн билээ. Анхны граффити зургууд хуучнаар "Ленин клуб" буюу одоогийн Blue Sky зочид буудлын баруун талд зурагдсан ба монголын граффитчидийн "загалмайлсан эцэг" гэгддэг "А нян" гэх уран бүтээлч туурвиж байсан юм. Түүнээс хойш граффити уран бүтээлчид олширч, эрээлбэр зураг нь Улаанбаатар хотын нэгэн салшгүй хэсэг болон хөгжиж, хотын захиргааны албан ёсны зөвшөөрөлтэйгээр, хана, талбайг чимэглэх болсон билээ. Тэдгээр street style хэв маягийг илтгэх зургуудаас бид энэ удаа Бюро 24/7 -гийн фото зургийн дадлагын ажилтан Х.Сүрэнгийн дуранд өртсөн зургуудыг та бүхэнд хүргэж байна.