Хайх

Уулын орой дээрх манан, цасанд дарагдсан нуур: Цаг агаарын үзэгдлийн шилдэг гэрэл зургууд

Уулын орой дээрх манан, цасанд дарагдсан нуур: Цаг агаарын үзэгдлийн шилдэг гэрэл зургууд

The Weather Photographer of the Year 2021

Text: Buro.Mongolia


Хатан хааны нэрэмжит цаг уурын нийгэмлэг (RMetS) ба хэвлэл мэдээллийн компани AccuWeather хамтран 2021 оны цаг агаарын үзэгдлийн гэрэл зурагчдын шилдгүүдийг тодруулжээ. Энэхүү тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчид үүл, бороо, манан, аянга, цас зэрэг цаг агаарын хамгийн сайхан агшинг гэрэл зургаар буулган авсан бүтээлүүдээрээ өрсөлддөг уламжлалтай билээ.

Тэмцээний зохион байгуулагчид нийт 114 орны 3300 орчим гэрэл зурагчдаас 8900 гаруй зургийг хүлээн авчээ. Үүнээс олон нийтийн санал хураалтаар 21 гэрэл зургийг урьдчилсан жагсаалтад оруулсан бөгөөд эцсийн байдлаар хэдхэн ялагчийг тодруулсан байна.

Нэгдүгээр байр - “Өглөөний манан”

Жулио Монтини, Итали

Уулын орой дээрх манан, цасанд дарагдсан нуур: Цаг агаарын үзэгдлийн шилдэг гэрэл зургууд (фото 1)

Гэрэл зурагчин Монтини энэхүү зургийг Айруно хотын толгод дээрх жижиг сүм дээрээс авсан байна. Тэрхүү байршлаас манан дундуур үүрийн нарны гэрэл туссан Адда голын үзэсгэлэнт урсгалыг харж болдог гэнэ.


"Намрын зарим өдрүүдэд энэхүү үзэгдлийг нар мандах анхны туяагаар харах боломжтой байдаг. Гэхдээ ердөө 20 минутын турш л үргэлжилдэг юм” хэмээн Жулио Монтини хуваалцжээ. Тэрээр тэмцээнд түрүүлснийхээ дараа "Тэргүүн байр эзэлсэн нь хүйтэнд олон цагийн турш төгс гэрэлтэх нарны туяа хүлээж байсныг минь шагнасан юм" хэмээжээ.


"Нар мандах үед манан өвөрмөц өнгө бүхий алмайруулам дүр зургийг бий болгодог. Мөн иймэрхүү зургийг зөвхөн өндрөөс л авах боломжтой. Тус зургаас бид нарны туяа болон хөвөн чихэр мэт мананг ажиглаж болно. Үнэхээр сэтгэл хөдөлгөм юм" хэмээн AccuWeather-ийн ахлах редактор Жесси Феррелл хэлсэн байна.


Зурагчны Instagram хуудас: @giulio.montini

Хоёрдугаар байр - “Усан онгоцон дээрх өөрийн хөрөг зураг”

Евгений Борисов, ОХУ

Уулын орой дээрх манан, цасанд дарагдсан нуур: Цаг агаарын үзэгдлийн шилдэг гэрэл зургууд (фото 2)

Евгений энэхүү өөрийн хөрөг зургаа ОХУ-ын Кок-Коль нууранд квадрокоптерын тусламжтайгаар авчээ. Тэрээр уг зургийг авч байхдаа цаг агаар маш богино хугацаанд эрс өөрчлөгддөгийг мэдэрсэн байна.


Тус гэрэл зургийг авахын тулд Евгений анхны цас орж нуурын мөсийг бүрэн бүрхэж, цагаан дэвсгэр мэт болсон цасан дээр тод зураас хэлбэртэй ил задгай ус гарч ирэхийг хүлээжээ. Түүний хэлснээр хэдхэн цагийн дараа нуур тэр чигээрээ цасанд бүрхэгдэж, өвөл зүй ёсоороо эхэлсэн гэнэ.

Зурагчны Instagram хуудас: @borisovaltay

Хоёрдугаар байр, мөн олон нийтийн санал асуулгын ялагч - “Каннын булан дээгүүр тусгаарлагдсан шуурганы аянга”

Серж Зака, Франц

Уулын орой дээрх манан, цасанд дарагдсан нуур: Цаг агаарын үзэгдлийн шилдэг гэрэл зургууд (фото 3)

Уг гэрэл зургийг авахын тулд Серж 480 орчим км замыг туулж, шөнө дунд хүртэл найман цаг хүлээж, автомашиндаа хүйтэн шөнийг өнгөрөөж, эцэст нь тэргэл сар тэнгэрт мандаж байх үед энэхүү аянгын зургийг дарж чадсан байна.


"Аадар борооны дараа ододтой цэлмэг тэнгэрт хэд, хэдэн удаа аянга буусан. Нэг ч борооны дусал, үүл байгаагүй, харин зөвхөн шөнийн нам гүм байдал, аянгын чимээ шуугиан л байлаа. Зураг дарахад хамгийн төгс нөхцөл!" хэмээн Серж хуваалцсан юм.

Зурагчны Instagram хуудас: @sergezaka

“Байгалийн шилдэг залуу гэрэл зурагчин” төрлийн ялагч - “Канзас дахь шуурга”

Феникс Блю, АНУ

Уулын орой дээрх манан, цасанд дарагдсан нуур: Цаг агаарын үзэгдлийн шилдэг гэрэл зургууд (фото 4)

17 настай Феникс ойртож буй ер бусын мэт харагдах аянга, цахилгааны дүр зургийг дарсан байна. Зурагт харагдаж байгаа хүчтэй шуурга нь хар салхи, мөндөр, ширүүн бороо зэрэг цаг агаарын таагүй нөхцөл байдлыг бий болгох чадвартай билээ.

“Гар утсаар дарсан зураг” төрлийн ялагч - “Манантай өглөө”

Кристофер де Кастро Комесо, АНЭУ

Уулын орой дээрх манан, цасанд дарагдсан нуур: Цаг агаарын үзэгдлийн шилдэг гэрэл зургууд (фото 5)

Кристофер энэ зургийг Абу Дабигийн хамгийн эртний дурсгалт газруудын нэг болох Каср-аль-Хосна хотод 2020 оны арванхоёрдугаар сард агаарын хэм эрс буурсан үед авсан байна. Тэрээр гэртээ харих замдаа үзэсгэлэнт дүр зургийг олж хараад өөрт байсан Huawei P30 Pro загварын гар утсаараа даржээ.


“Цаг агаар надад энэ сайхан зургийг авах боломж олгосонд талархаж байна. Үүнийг үүрд дурсах болно ” хэмээн Кристофер хэлсэн юм.

Зурагчны Instagram хуудас: @tawpee.comeso

Бусад урьдчилсан жагсаалтад багтсан зургуудтай доороос танилцана уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх