Веган болсон 6 алдартан
Веган болно гэдэг нь маш их тэвчээр болон сахилга бат шаардсан шийдвэр билээ. Цагаан хоолтонтой харьцуулбал веган нь амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй юм. Үүнд махнаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүн болон зөгийн бал гэх мэт амьтнаас гаралтай бүх хүнс орно.
Зарим нь байгаль орчин ба амьтдыг хамгаалахын тулд энэ шийдвэрийг гаргадаг бол зарим нь веган байх нь эрүүл мэндэд нэн тустай хэмээн ийнхүү амьдралдаа өөрчлөлт хийдэг байна. "Гэвч веган хоол нь биед хамгийн эрүүл хоол гэх ойлголтыг хоёр талаас харах хэрэгтэй гэж зөвлөх байна. Ерөнхийдөө тухайн дэглэм танд тустай эсэх нь та өдөрт ямар орц, найрлагатай хоол идэж байгаагаас, хэр их шим тэжээл авч байгаагаас шалтгаална. Маргаашаас эхлэн веган боллоо гээд таны эрүүл мэнд эрс сайжирна гэдэг бол ташаа ойлголт юм" хэмээн хоол тэжээлийн мэргэжилтэн Жен Брунинг хэлсэн байна. Мөн The Annals of Internal Medicine судалгааны сэтгүүлд амьтны мах идэх нь бидний боддог шиг хүний биед муу зүйл биш гэдэг нь батлагджээ.
Хэдий тийм ч веган болох хүсэлтэй эсвэл болсон хүмүүсийн тоо ихэссэн хэвээр байгаа бөгөөд тэдний дунд олны танил алдартнууд ч бий. The Vegan Society байгууллагын зарласнаар арваннэгдүгээр сар нь дэлхийн веган дэглэмийн сар тул хэрэв та веган болох хүсэлтэй байгаа бол энэ сард хүслээ биелүүлэхэд тань урам зориг өгөх дараах алдартнуудыг танилцуулж байна.
Майли Сайрус
Майли Сайрус бол аль эртнээс веган хөдөлгөөнийг дэмжиж ирсэн нэгэн. Тэрээр Converse брэндэд веган гутал гаргахад хүртэл хувь нэмэр оруулж байсан ба амьтны эрхийг хамгаалах PETA төв Майлиг супер веган гэж хүртэл магтаж байжээ.
Элли Голдинг
Элли Голдинг 2018 онд The Cut сэтгүүлд ярилцлагад өгөхдөө "Бидний иддэг махан бүтээгдэхүүн ямар гаралтай, яаж бий болдгийг бүрэн ойлгосноос хойш мах идэх хүсэлгүй болсон. Үнэхээр шаардлагагүй л бол мах идэх хэрэгтэй гэж надад санагдахгүй байна" хэмээн хэлжээ.
Эллэн Помпео
"Эмч маань надад веган дэглэмийг тайлбарлан гэр бүлээрээ веган болсныг хэлэхэд би ч бас дагаад гурван хүүхдүүдийнхээ хамт веган болсон юм" гэж Эллен Помпео 2018 онд People сэтгүүлд хэлж байжээ. "Төвөгтэй гэж ердөөсөө боддоггүй, харин ч их зугаатай шүү. Буурцаг, шош, үр будаа гээд бүгд л гал тогоонд байдаг хүнс. Үүн дээр ногоо нэмж авах л хэрэгтэй".
Зак Эфрон
"Веганизм миний бие мах бодийг орвонгоор нь өөрчилж чадсан. Миний бодисын солилцоо, нойр болон энерги бүгд дээшлэхэд нөлөөлсөн юм" гэж Зак Эфрон 2018 онд Teen Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Ариана Грандэ
Яагаад веган болох шийдвэрийг гаргасныг Mirror сэтгүүл асуухад Ариана Гранде "Би амьтдад зарим хүмүүсээс ч илүү хайртай. Тоглоом ч үгүй. Би ургамлын гаралтай цэвэр хоол идэх нь хүнийг урт наслахад тусалж илүү аз жаргалтай болгодог гэдэгт баттай итгэгч нэгэн" гэсэн байна.
Мадонна
2013 онд The Cut онлайн сэтгүүл дуучин Мадоннагийн хоолны дэглэмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулж байсан билээ. Тэрээр үр тариа, өндөг, мах болон сүүн бүтээгдэхүүн хорьсон голдуу веган макробиотик хоолны дэглэм барьдаг байна.