Жүжигчин Роберт Де Ниро Нью-Йорк хотод кино студи байгуулна
Нью-Йоркийн кино, телевизийн салбарын ирээдүйг тодорхойлох студи
Оскарын шагналт жүжигчин Роберт Де Ниро, түүний хүү Рафаэль Де Ниро болон Tribeca Enterprises медиа компанийн захирал Жейн Розенталь нар хамтран Нью-Йоркийн Queens дүүрэгт Wildflower нэртэй кино студи байгуулахаар боллоо. Нью-Йорк дахь Холливүүд хэмээн нэрлэгдээд буй уг төсөл нь продюсерууд, найруулагчид ба зохиолчдод Нью-Йорк хотод уран бүтээлээ туурвих үүд хаалгыг нээж, Нью-Йоркийн кино, телевизийн салбарын ирээдүйг тодорхойлох болно хэмээн жүжигчин Роберт Де Ниро үзэж байгаа юм. Түүнчлэн Wildflower Studios-ийн зураг төслийг алдарт Bjarke Ingels Group архитектурын компани гаргаж буйгаараа олны анхаарлыг татаад байна. Зурагт харуулснаар 60 мянган м.кв талбай бүхий уг студи нь нэн футуристик хэв маягтай болох ба интерьерийн хувьд ногоон ургамлаар чимэглэсэн байгалийн уур амьсгалтай байх ажээ. Wildflower Studios-ийн бүтээн байгуулалт ирэх онд эхлэхээр төлөвлөгджээ.