Бюро 24/7 тойм: Michel & Amazonka, дөрөвдүгээр сарын цуглуулга
Энэ ондоо сар бүр шинэ цуглуулга танилцуулна
Michel & Amazonka брэндийн эгч дүүс дизайнерууд Монголын загварын ертөнцөд бүтээлч байдлыг дэлгэрүүлж, олонд таниулах зорилгоор өөрсдийгөө сорисоор байна. Загварт хайртай хүн бүхэн, тэр дундаа Michel & Amazonka брэндийн үнэнч үйлчлүүлэгчид тус брэндийг 2018 он гарснаас эхлэн сар бүр шинэ цуглуулга танилцуулж буйг анзаарсан биз ээ. Ийнхүү 12 сарын турш нийт 12 цуглуулга гаргах төлөвлөгөөний хүрээнд тэд нэг, хоёр, гуравдугаар саруудад, мөн одоо дөрөвдүгээр сард Perfume нэртэй шинэ цуглуулга дэлгэж байна.
Уг цуглуулгад дизайнерууд бүсгүй хүнийг анхилам сайхан үнэрт, үзэсгэлэнт цэцгээр төсөөлөн Perfume хэмээн нэрлэж спорт болон кутюр хэв маягийг хослуулсан загварууд урлажээ. Сонгодог пиджакийг борооны цувтай, өдөр тутмын энгийн футболкаг кутюр даашинзтай, шилэн шүр бүхий торон дээлийг япон маягийн нарийн хийцтэй, гар ажиллагаатай өргөн бүстэй хослуулсан нь тэрхүү хоёр өөр стилийн нэгдэл болсон харагдана. Харин өнгөний хувьд сонгодог хар цагаан өнгө давамгайлан, чидун жимсний ногоон, усан ягаан мөн улаан гэх тод өнгөнүүд чимэг болон оржээ.
Ямар ч үед өмссөн цэмцгэр, дэгжин бөгөөд эрхэмсэг төрх бүрдүүлэх эдгээр шинэ загваруудыг Ч.Мишээл ба Ч.Нямханд нар юуны түрүүнд хэрэглээ талаас нь харан, илүү практикал байдлаар өмсөхийг зөвлөсөн байгаа.