Бюро 24/7 тойм: Topshop Unique, намар-өвөл 2017
1990-ээд оны үдэшлэг
Topshop Unique намар-өвөл 2017 улирлын шинэ цуглуулгаа Tate Modern галерейд танилцууллаа. Цуглуулга бүхэлдээ 1990-ээд оны үдэшлэг мэт, хуучны элементүүдээр баялаг болжээ.
Лотти Моссын өмссөн торгон юбка ба топ түүний эгч Кейт Моссын алдрын оргилдоо хүрч байх үеийн стилийг санагдуулж байлаа. Унтлагын хэв маягтай торгон даашинзууд болон загварын шоуны эцэст тайзнаа гарсан гялтганасан хатгамалтай, цайвар ягаан өнгийн даашинзыг 1990-эд оны загварлаг бүсгүйчүүдийн шүүгээнээс олж харах боломжтой байсан шүү дээ. Мөн мөрөндөө зүүсэн богино оосортой жижиг цүнх, онгорхой сандаал гэх зэрэг цуглуулгын аксесуарууд 1990-ээд оны сүүл болон 2000-аад оны эхэн үеийг эргэн дурсахад хүргэж байлаа.
Бусад олон брэндүүдийн адил Topshop Unique «see now, buy now» бодлогыг баримтлах болсон. Тиймээс цуглуулгын ихэнх загварууд брэндийн албан ёсны вебсайтаар худалдаалагдаж эхэлсэн байгаа.
Үндсэн элементүүд: Бичигтэй топ, үслэг ба нэхий хүрэм, карго өмд, судалтай хээ, хагас гэрэлтэх даашинз ба топ
Үс засалт ба нүүр будалт: Тэгш хуваалттай шулуун үс, улаан, ягаан ба улбар шар өнгийн тод уруул
Үндсэн өнгөнүүд: Хар, цагаан, цайвар ягаан, тод өнгөнүүд
Стилистик аргачлал: Торгон даашинзтай хосолсон том хэмжээтэй свитер цамцнууд, богино эсгүүртэй карго өмдтэй хосолсон гялтганасан хатгамалтай топ
Аксесуар: Сандаал, богино оосортой жижиг гар цүнх, төмөрлөг ээмэг ба хүзүүний зүүлт
Бүтээлч санааны эх үүсвэр: 1990-ээд он