Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх бослого: Christian Dior, намар-өвөл 2018
“Бид орчин үеийн эмэгтэйчүүдийг сонсох хэрэгтэй”
Christian Dior-ын анхны эмэгтэй дизайнер Мария Грация Кьюри орчин үеийн феминизмийн энэхүү давлагаанд аль хэдийн өөрийн гэсэн байр суурийг эзэлжээ. "Дизайнер хүний хувьд би эмэгтэйчүүдийн хүсэж, мөрөөдсөн дүр төрхийг бий болгохыг зорьдог. Бид эмэгтэйчүүдийг сонсох хэрэгтэй. Тэд одоо ямар үзэл бодолтой болсныг олж мэдэх хэрэгтэй. Тэд бол шинэ үеийн эмэгтэйчүүд юм шүү дээ" хэмээн Кьюри загварын шоуныхаа дараа The Guardian сонинд ярьжээ.
Мария Грация Кьюри "We should all be feminists" буюу "Бид бүгд феминист байх хэрэгтэй" гэх бичигтэй футболкаг анх танилцуулснаас хойш дөрвөн улирал, дөрвөн цуглуулга өнгөрчээ. Энэ удаагийн Родены музей дотор зохион байгуулагдсан загварын шоу ч бас уг сэдвийн үргэлжлэл болсон юм. Эмэгтэйчүүдийн хүч чадал ба эрх мэдлийг тодотгосон төрөл бүрийн лоозонгууд, 1960-аад оны оюутан залуусын бослогыг илтгэсэн ретро загварууд, эрч хүчтэй шоуны дуу хөгжим зэрэг нь бүгд нэг л санааг илэрхийлж байлаа. Тэр нь мэдээж хэрэг хүйсийн эрх тэгш байдал юм.
Загварын шоуг нээн гарч ирсэн модель "C'est Non Non Non et Non!" буюу "Үгүй бол үгүй" гэх бичигтэй свитер цамц өмссөн нь цуглуулгын ерөнхий уур амьсгалыг төгс илтгэнэ. Үүний дараагаар тайзнаа богино юбка, урт түрийтэй савхин гутал, нөхөөсөөр чимэглэгдсэн даашинз, тод өнгийн линзтэй том нарны шил гэх зэрэг эртний аястай загварууд үзэгдсэн бөгөөд төрх бүр жижиг саравчтай малгайгаар чимэглэгдсэн байлаа.