Хайх

Gucci ордны 100 жилийн ой: Маколей Калкин шинэ цуглуулгын тайзан дээр

Gucci ордны 100 жилийн ой: Маколей Калкин шинэ цуглуулгын тайзан дээр

Хавар-зун 2022 цуглуулга

Text: Buro.Mongolia


Gucci загварын ордон 100 жилийнхээ ойг тохиолдуулан хавар-зун 2022 цуглуулгаа Лос Анжелес хотын Холливүүдийн өргөн чөлөөнд зохион байгуулжээ. Брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле заавал энэхүү байршлыг сонгох болсон шалтгаанаа бага насны дурсамжтайгаа холбон тайлбарласан юм. Тодруулбал, Алессандро бага насандаа Ром хотын захад амьдардаг байсан бөгөөд тухайн үед ээж нь түүнд кино найруулагчийн туслахаар ажиллаж байсан үе, алдарт жүжигчин Рита Хейвортын атласан хар өнгийн бээлий болон Мэрилин Монрогийн уянгалаг хоолойных нь талаар ярьж өгдөг байжээ. Эдгээр түүхүүдийг сонсоод Алессандро Холливүүдийг яг л ер бусын, хүрч чадашгүй үлгэрийн орон мэтээр төсөөлдөг байжээ. Тиймээс тэрээр кино, урлагийн ертөнцийн талаар өөрт нь таниулж, мөрөөдөж сургасан ээждээ хүндэтгэл үзүүлэн Холливүүдийн өргөн чөлөөг сонгосон байна.

Нийт 115 төрхөөс бүрдэх энэхүү цуглуулгад Америкийн кино урлагийн хэв маягийг шингээсэн, бохо стилийн загварууд давамгайлжээ. Загварын тайзан дээр дива бүсгүйчүүд, ковбои залуучууд болон төгсөлтийн баярын хаан, хатан, мөн автомашин засварын ажилчдад хувирсан моделиуд гарсан юм. Түүнчлэн Gucci ордон Маколей Калкин, Жаред Лето гэх алдартнуудыг загварын шоундаа урьж алхуулснаар жинхэнэ кино, урлагийн уур амьсгалыг бүрдүүлсэн байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх