Ким Кардашьян Fendi x Skims хамтарсан хувцасны цуглуулгыг танилцууллаа
Олны таамаглал ийнхүү батлагдлаа
Саяхныг хүртэл Ким Кардашьяны үүсгэн байгуулсан Skims дотуур хувцасны брэнд Fendi загварын ордонтой хамтран цуглуулга гаргах гэж буй талаарх цуурхал олны дунд тархаад байсан билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Ким энэхүү таамаглалыг албан ёсоор баталлаа. Ингэхдээ тэрээр Fendi брэндийн бүтээлч захирал Ким Жонстой хамтран бүтээсэн цуглуулгыг өмссөн зургуудаа Instagram хуудаснаа нийтэлсэн юм. Уг цуглуулгад хоёр брэндийн логогоор чимэглэгдсэн, Skims-ийн нэрийн хуудас болсон саармаг өнгийн эмэгтэй дотуур хувцас, боди болон трико багтжээ.
Эргэн сануулахад, энэхүү цуглуулга нь Fendi брэндийн энэ жил гаргасан хоёр дах удаагийн томоохон хамтарсан ажил юм. Тодруулбал, өнгөрөгч сард зохион байгуулагдсан Миланы загварын долоо хоногт Fendi загварын ордон Versace брэндтэй хамтран “Fendace” хэмээх хувцасны цуглуулгаа толилуулсан билээ. Харин Skims брэндийн хувьд энэ нь өөр брэндтэй хамтарсан анхны цуглуулга болсон юм.
“Энэхүү цуглуулга бол Fendi-гийн тансаг байдлыг, мөн Skims-ийн шинэлэг арга барилыг хослуулсан анхны хамтын ажиллагаа юм” хэмээн Ким Кардашьян онцолжээ.
Тус хязгаарлагдмал тоогоор худалдаанд гарах цуглуулгад багтсан хувцсыг арваннэгдүгээр сарын 9-нөөс албан ёсны вебсайтаас нь захиалах боломжтой.