Хайх

Кутюр загварын долоо хоног: Valentino, намар-өвөл 2016

Кутюр загварын долоо хоног: Valentino, намар-өвөл 2016

Итали маягийн үдэлт

Text: Buro.Mongolia


Зураг:

Мария Грация Кьюриг брэндээс гарч буйтай холбогдуулан Valentino брэнд Шекспирийн жүжиг мэт загварын шоу зохион байгууллаа

"Ромео ба Жульетта"-гаас илүү гунигтай түүх энэ дэлхий дээр үгүй гэж боддог хүмүүс Valentino-гийн өчигдрийн шоуг үзээд бодлоо өөрчилсөн байх өндөр магадлалтай. Valentino ордны хос бүтээлч захирлууд тун удахгүй хагацах болсон тухай мэдээ сүүлийн хоёр долоо хоногийн турш загварын салбарынхныг "гуниглуулж" байгаа бөгөөд өчигдрийн кутюр шоу нэг ёсны үдэлтийн үдэшлэг болж өнгөрлөө. Ингээд тун удахгүй Dior ордон руу зүглэх гэж буй Мария Грация Кьюрид баяр хүргэж, харин түүний удаан хугацааны ажлын хамтрагч Пьерпаоло Пиччолид бүү гуниглаарай гэж хэлэх л үлдлээ дээ.

Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар олон жилийн турш Valentino-гийн бүтээлч захирлаар хамтран ажиллахдаа ойр, ойрхон Уильям Шекспирийн уран бүтээлээс санаа авч, дэлхийг аварга том театр хэмээн төсөөлж, Английн Алтан үеийн элементүүдийг загварууддаа оруулаг байсан билээ. Нийт 61 төрхөөс бүрдсэн шинэ цуглуулгад Елизавета I хатны үеийн өндөр захтай, бөмбөгөр ханцуйтай даашинз, Сэргэн мандлын үеийн ба сүмийн хийдийн чимэглэлүүд түлхүү шингэсэн байлаа. Цуглуулгын эхэн хэсэгт хар-цагаан өнгийн даруухан төрхүүд давамгайлж байсан бол, дунд хэсгийн хувцаснууд илүү хээ хатгамлаар баялаг болж, харин сүүл хэсгийн загварууд яг л улаан хивсэн дээр өмсөхөд зориулагдсан ганган харагдлаа.

Valentino-гийн шоу кутюр загварын долоо хоногийн хаалтын өдөр зохиогдож, шилдэг финал болж чадлаа. Хөшиг хаагдаж, үзэгчид алгаа ташиж, дизайнерууд хоорондоо салах ёс гүйцэтгэхээр явлаа.

 

 

цааш үзэх