Хайх

Лондонгийн загварын долоо хоног: Burberry, “Есдүгээр сар-2016”

Лондонгийн загварын долоо хоног: Burberry, “Есдүгээр сар-2016”

Загварын долоо хоногийн гол агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7 Лондонгийн загварын долоо хоногийн хамгийн гол үйл явдлууд ба чухал агшнуудаас уншигчиддаа хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Burberry, “Есдүгээр сар-2016” цуглуулгын тоймыг танилцуулж байна

Энэ жил Burberry-гийн ертөнцөд олон ч өөрчлөлт гарч, цоо шинээр түүхээ бичиж эхлээд байна. Тухайлбал саяхан брэндийн бүтээлч захирал Кристофер Бейли 2017 онд тус компаний ерөнхийлөгч болохоо зарлалаа. Энэ хооронд Burberry брэндийн удирдлагыг Марко Гоббетти хариуцах болсон. Марко Гоббетти нь өмнө нь Францын Céline загварын ордны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай хүн юм.

Burberry зөвхөн боловсон хүчний сэлгэлт хийгээд зогсохгүй, загварын шоу ба худалдааныхаа концепцийг ч эрс шинэчилсэн. Одооноос эхлэн Burberry загварын ордон улирлын системгүй болж байгаа бөгөөд ингэснээр загварын шоу дуусмагц шинэ цуглууга шууд худалдаанд гарна. Эдгээр мэдээллүүд шинэ цуглуулга загварын тайзнаа танилцуулагдахын өмнө ирсэн зочдын ярианы гол сэдэв болж байлаа.

Burberry хэдэн жил дарааллан Хайд Паркад загварын шоугаа зохиосны эцэст энэ улиралд бууриа сэлгэжээ. Burberry Сохо дахь Maker's House-д загварын шоундаа тусгайлан зориулж бүхэл бүтэн байшин барьсан бөгөөд тэндээ түр зуурын урлан нээсэн юм. Ингэснээр Burberry брэндийн алдарт тренч цув, арьсан цүнх ба хүзүүний алчуурууд хэрхэн бүтээгддэгийг зочид өөрийн нүдээр харж, танилцжээ. Мөн загварын шоуны үеэр чавхдаст хөгжим ба төгөлдөр хуурын амьд тоглолт эгшиглэж байсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Burberry брэнд Hogarth Press хэвлэлийн газартай хамтарч Английн зохиолч Виржиния Вулфын "Orlando: A Biography" зохиолыг цөөн тоогоор дахин хэвлэсэн билээ. Кристофер Бейли энэхүү номноос өөрийн шинэ цуглуулгын бүтээлч урмаа авсан гэдгээ илэрхийлсэн байна.

Үнэхээр ч уран зохиол түүнд түүхэн сэдвээр баялаг цуглуулга бүтээхэд тусалжээ. Тодруулбал, энэхүү цуглуулга нь яг зохиол дээр гардаг шиг хэдэн зуун дамжсан костюмын түүхийг харуулсан юм. Бид цуглуулгаас энэ улирлын тренд болоод байгаа дундад зууны үеийг маш тод харсан. Жишээ нь брэндийн алдарт тренч цувнаас эхлээд босоо зах, эрэгтэй эрвээхий зангиа ба хүрэм, пижам хослол, цэргийн дүрэмт хувцас гээд олон зүйл дундад зууныг илтгэж байв.

Одоо шинэ цуглуулгад багтсан загваруудыг хүссэн хүн бүр Burberry брэндийн албан ёсны burberry.com сайтнаас захиалан авах боломжтой.

цааш үзэх