Хайх

Миланд шинэ эрэгтэй цуглуулгуудаа танилцуулсан онцлох брэндүүд

Миланд шинэ эрэгтэй цуглуулгуудаа танилцуулсан онцлох брэндүүд

Text: Buro.Mongolia


Миланы хавар-зун 2022 эрэгтэй загварын долоо хоног амжилттай үргэлжилж байна. Загварын долоо хоног дээр Prada, Fendi, Etro, Dolce & Gabbana, Ermenegildo Zegna зэрэг брэндүүд цуглуулгаа танилцуулснаас олны анхаарлыг татсан гурван загварын ордны хавар-зун 2022 цуглуулгыг онцолж байна. Ингээд эрэгтэй фешн салбарын шинэ хуудсыг нээсэн цуглуулгуудтай танилцъя.

Урт оймс, богино шоорт өмсөхийг зөвлөсөн Prada брэнд

Prada брэнд нь энэ удаагийн хавар-зун 2022 эрэгтэй цуглуулгаа дижитал хэлбэрээр зохион байгуулсан ба зураг авалт нарлаг Сардиния арал болон Милан хотын “Fondazione Prada” барилга дотор явагдсан байна. Ордны бүтээлч захирлууд болох Миучча Прада, Раф Симонс нар цуглуулгаа хөл хөдөлгөөнтэй хот болон далайн эрэг хоорондын гүүр нь болоосой гэсэн сэдлээр бүтээжээ.

Танилцуулсан загварууд дундаас шуумгийг нь эргүүлсэн шоортыг oversize пиджак, майк, савхин курткатай хослуулсан дөрвөн улирлын төрхүүд нүдэнд тусаж байлаа. Бүтээлч захирлууд ардаа алдарт Prada-гийн логог дүрсэлсэн халаастай панама загварын малгайг гол аксесуаруудын нэгээр онцолжээ. Түүнчлэн абстракт геометрийн дүрснүүд болон ретро хэв маягийн лусын дагина, наймалжийн хээтэй хоршлоос хот, далайн эргийн өнгө аясыг мэдрэх боломжтой байлаа. Цуглуулгад багтсан Prada-гийн логотой хобо болон цилиндр хэлбэрийн цүнхнүүд эрчүүдээс гадна эмэгтэйчүүдийн дунд өндөр эрэлттэй байх болов уу хэмээн бид таамаглаж байна.

Dolce & Gabbana-гийн өнгөлөг, гялалзсан цуглуулга

Загварын ордны үүсгэн байгуулагч, бүтээлч захирлууд Доменико Дольче, Стефано Габбана нар цуглуулгын уур амьсгалыг #DGLightTherapy хэштаг дор яг л галын наадам шиг бүрдүүлжээ. Стефано өсвөр насандаа байхдаа үзэж байсан галын наадмаас авсан баяр, хөөр, догдлолын мэдрэмжүүдээ цуглуулгадаа шингээжээ.

Dolce & Gabbana жил гаруй хугацааны дараа уламжлалт хэлбэрийн загварын шоуг хийж байгаа бөгөөд “Бид финалын үеэр тайзан дээр гарахдаа шоунд хүрэлцэн ирсэн зочдоо болон тэдний биеийн хэлэмжийг ажиглах хамгийн дуртай” хэмээн Стефано онцолсон юм. Шоуны тайзыг карнавалууд дээр түгээмэл харагддаг гэрлээр чимэглэжээ. “Гэрэл бол маш сайн сэтгэл зүйн эмчилгээ болдог. Тиймээс бид энэхүү цуглуулгыг үзсэн хүмүүсийн нүднээс гэрэл, баяр, баясгаланг харахыг хүссэн” хэмээн Доменико тайз заслын талаар тайлбарласан байна.

Цуглуулгад 2000-аад оны хэв маягийг шингээж свитер, жийнсэн өмд, бомбер курткануудаа болор шигтгээгээр чимэглэсэн харагдлаа. Түүнчлэн торгон майк, Италийн тугийн хээтэй шоорт болон алтан титмийн хослол Dolce & Gabbana брэндийн өнгө аяс болон #DGLightTherapy хэштагийн утгыг давхар илэрхийлж байлаа.

Байгалийн өнгө давамгайлсан Fendi-гийн цуглуулга

Тус загварын ордны хавар-зун 2022 цуглуулга дижитал хэлбэрээр зохион байгуулагдсан ба танилцуулгынхаа зураг авалтыг Ром хотод байрлах төв байрандаа хийжээ.

Fendi-гийн бүтээлч захирал Сильвия Вентурини-Фенди загваруудаа өөрийн төрсөн хот болон нар жаргахад үзэгддэг өнгөлөг тэнгэрээс санаа аван бүтээсэн байна. Цуглуулгад Ром хотын газрын зургийн хээтэй хослол болон байгалийн өнгөтэй хослол, цув болон бусад загварууд багтжээ. Fendi-гийн хамгийн алдартай Peekaboo болон Baguette цүнхнүүдийг төмөр тоноглолоор чимэглэж, өнгө, материалыг нь өөрчлөх маягаар шинэчилсэн байлаа. Түүнчлэн танилцуулга дээр үзэгдсэн кроп-топ, богино пиджак болон Baguette хэлбэрийн зүүлт нь сонирхолтой шийдэл болж эрчүүд, эмэгтэйчүүдийн дунд өндөр эрэлтийг үүсгэх төлөвтэй байна.

цааш үзэх