MPDU Digital Fashion Week: Zoson брэндийн “PAUSE” цуглуулга
Хавар-зун 2020
"Дэлхий нийтээрээ түр зогсолт аваад байгаа хүндхэн энэ өдрүүд ард хоцроход амьдралын шинэ хэмнэл, шинэ хандлага биднийг хүлээж байна. Бид харин бэлэн үү? Бүх зүйл хурдтай хувьсан өөрчлөгдөж ирсэн нийгмийн цаг маань ТҮР ЗОГСОЛТ хийлээ. Энэ бол бид өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ шинээр бүтээх боломж юм. Та ч бас түр зогсоод, өөрийгөө өөрчлөх тухай өөртэйгөө ярилцаарай. Байгаль дэлхийд ээлтэй амьдралын хэв маягт дурлаарай" хэмээн Zoson брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Шийлэгмаа "PAUSE" хэмээх шинэ цуглуулгаараа дамжуулан хүргэхийг зорьсон гол санаагаа тайлбарласан юм.
Б.Шийлэгмаа энэ үед өөрийн хариуцлагаа улам бүр ухамсарлан, хаягдалгүй, бүтээлч үйлдвэрлэгч байхыг эрмэлзэн, даавууны өөдөс бүрийг ашиглахыг хичээн ажиллажээ. "5см x 5см даавууны өөдөс дангаараа хүнд хэрэггүй байж болох ч бүтээлчээр ашиглаж чадвал бүтэн хувцас болж амилдгийг харуулсан" хэмээн тэрээр аврал эрж буй байгаль дэлхийгээ хайрлахыг уриалан, дизайнер хүний хувьд бодит алхам хийсэн байна.
Харин цуглуулгын танилцуулгын хувьд Zoson дижитал загварын долоо хоногийн хүрээнд моделиудыг тайзнаа алхаж буй мэт харуулсан, график зураглал ашигласан, өвөрмөц видеог бэлтгэжээ.
Онцлох загварууд: Ширмэл ширдэгний хээтэй, нано технологиор бүтсэн материалтай борооны цув. Цувны энгэрт Монгол дээлийн энгэрийг оруулсан байна.
Үндсэн өнгүүд: Байгалийн натурал өнгө болон энэ оны тренд өнгөний зохицлыг харуулжээ.
Ашигласан материалууд: Нано технологиор бүтсэн ширмэл ширдэгний хээтэй материал, гараар будсан хөвөн даавуу, зүйх аргаар хийсэн бэлдэц, тэмээний ноос зэргийг ашигласан байна.