MPDU Fashion Week: Muse Art House брэндийн гялалзсан, цэмцгэр цуглуулга
Өдөр тутмын гоёлын хүрэмнүүд болон диско даашинзууд
Үндэсний хэв маягийг орчин үеийн чиг хандлагатай амжилттай хослуулсаар ирсэн Muse Art House энэ удаад үндэсний хэв маягаас холдож “MUSE” хэмээх баярын өнгө аястай, цэмцгэр дизайнтай цуглуулгаа танилцуулсан билээ. Тус брэнд нь шинэ цуглуулгадаа анх удаагаа эрэгтэй өдөр тутмын хувцасны загварууд багтаасан нь ихэд сонирхол татлаа. Мөн брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Г.Цас шинэ цуглуулгаа бүтээхдээ эрэгтэй сул загварын пиджакаас урам зориг авчээ. Үр дүнд нь тэрээр хөнжил мэт тухтай мэдрэмж төрүүлэх oversize эсгүүртэй загварлаг урт хүрэмнүүдийг цагаан, зөөлөн ягаан, шар зэрэг өнгөний сонголттойгоор танилцуулсан бөгөөд материалын хувьд гоёлын куртканы зориулалттай тусгай ширмэл материалыг ашиглажээ.
Мөн цуглуулгад гялалзсан чимэглэлтэй диско хэв маягийн даашинзууд болон бүхэлдээ гялалзсан материалаар бүрхэгдсэн Үнсгэлжингийн шаахай мэт туфлинууд багтсан нь танхимыг гэрэлтүүлэн баярын уур амьсгал оруулж байлаа. Энгийн цагаан кетнүүд нь ч хүртэл гялалзсан мөнгөлөг ултай байсан нь цуглуулгын энгийн атлаа гоёмсог хэв маягийнх нь төгс илэрхийлэл болжээ.