Өвөл ч загварлаг: Өвлийн курткаг загварчлах шинэ стилистик аргачлалууд
6 төрлийн хялбар арга
Намар, өвлийн хувцасны шүүгээний хамгийн чухал зүйл бол яахын аргагүй куртка билээ. Ялангуяа, хангайдаа -50 хүртэл хүйтэрч, хаврын сар эхэлсэн ч өвлийн жавар нь гардаггүй Монгол улсын иргэдэд дулаан хувцас нэн чухал. Гэхдээ цаг агаар хасах руу орлоо гээд загварын талаар ор тас мартана гэсэн үг биш юм. Тиймдээ ч загварын алдартай Instagram блогерууд болон стилистүүд дулаахан болоод шинэлэг өвлийн төрхүүдийг харуулаад эхэлжээ.
Бүс болон юбкатай
Бид өвлийн куртка гэхээр л жийнсэн өмд, jogger өмд гэх мэд спортлог хувцастай хослуулах нь их. Тэгвэл нэгэн хэвийн тэрхүү төрхөөс уйдсан инфлюенсер Эмили Синдлев курткагаа хүн бүрийн хувцасны шүүгээнд байдаг тэлээ болон макси ноосон юбкатай загварчилж ямар ч хүн хэрэгжүүлэхэд хялбар бөгөөд шинэлэг төрхийг бүрдүүлжээ. Тус аргачлалыг хэрэгжүүлэхэд богино эсвэл дунд зэргийн урттай куртка тохиромжтой билээ.
Өсгийт болон slouchy загварын өмдтэй
Өсгийтэй гуталд дурлагсад маань өвөл ч гэсэн гутлаа хөлнөөсөө салгахыг хүсэхгүй байгаа бол Каролайн Дорын тав тухтай бөгөөд загварлаг төрхийг анхааралдаа аваарай. Тэрээр саармаг өнгийн, урт загвартай курткаг өсгийт болон өдөр тутмын, бага зэрэг tomboy хэв маягтай slouchy загварын өмдтэй хослуулж хаана ч өмсөхөд тохиромжтой төрхийг бүрдүүлжээ.
Сийрсэн цүнхтэй
Сийрсэн цүнхийг зөвхөн далайн эрэг дээр барьж, бикинитэй хослуулах ёстой гэсэн дүрэм үгүй. Street style загварын алдартнууд тус цүнхийг улирал харгалзахгүй барьж байна. Тиймээс сийрсэн цүнхний ачаар өвлийн хувцаслалтдаа дулаан уур амьсгал оруулаарай.
Гутал болон аксесуарынхаа өнгөтэй тохируулах
2000-аад онд бид гутал, цүнхээ өнгөөр нь хослуулдаг байсан бол сүүлийн үед гадуур хувцсаа гутал эсвэл оймстойгоо хослуулдаг чиг хандлага дэлгэрсэн байна. Энэхүү стилийг Герман гаралтай блогер Леони Ханне хэрэгжүүлэх хамгийн дуртай. Тэрээр энэ удаа Bottega Veneta брэндийн гэгээлэг курткагаар гоёж, үүнийгээ өнгө ижил цүнх, гуталтай загварчилжээ.
Тренч эсвэл пальтон дээр давхарлах
Энэхүү арга нь хараахан өвлийн жавар ирээгүй байгаа энэ цаг үед тохиромжтой. Дулаална гэхээр л дан ганц куртка эвсэл пальто өмсөж дотуур нь олон хувцас давхарлана хэмээн баригдмал байдлаар сэтгэхийн оронд гадуур хувцаснуудаа мөн хооронд нь хослуулж давхарлах боломжтой гэдгийг санаарай.
Монохром төрх
Монохром тотал-лүк буюу нэг өнгөөр дагнасан төрх бол энэ улирлын чухал чиг хандлагуудын нэг юм. Загварын трендүүдийн талаар ойлголттой хүмүүс болон мэргэжилтнүүд саармаг, хар өнгөнүүдээс эхлэн бүхэлдээ ногоон, ягаан зэрэг ижил өнгийн хувцсаар толгойн оройгоос хөлийн ул хүртлээ хувцаслаж байна.