Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Carolina Herrera, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Carolina Herrera, хавар-зун 2017

Гол агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 7-15 хүртэл үргэлжилнэ. Бюро 24/7 та бүхэнд загварын долоо хоногийн хамгийн чухал трендүүдийг онцолж байна. Бид энэ удаад Carolina Herrera, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг хүргэе

Өчигдөр Нью-Йорк хотод болсон Carolina Herrera-гийн загварын шоун дээр сонгодог үдшийн даашинзууд, "black tie, white tie" дресс кодонд тохирох гоёлын загварууд танилцууллаа. Ер нь ч Каролина Херрерагийн загварын ордноос сүүлийн арван хэдэн жил ийм зүйлийг л хүлээдэг болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Каролина Херрера өмнө нь түүхэнд загварын шүтээн болж үлдсэн АНУ-ын тэргүүн хатагтай Жекки Кеннедиг арваад жилийн турш хувцаслаж байсан юм.

Гэсэн хэдий ч хаврын цуглуулгад Dior-ын New Look хэлбэр маш их орсон байна. Тэднээс жишээ нь торго, гялалзсан зузаан таффета даавуу ба жийнсэн материалаар хийсэн нарийн бэлхүүстэй дэрвэгэр юбкийг дурдаж болно. Цуглуулгад орсон даашинз болон хослолууд домогт Аведоны гэрэл зургууд дээр гардаг хувцаснуудыг өөрийн эрхгүй санагдууллаа. Тэр үеийн топ загвар өмсөгч байсан Довима ийм төрлийн хувцас өмсөхөд зориулагдсан мэт бэлхүүстэй байсан юм.

Хараад байхад бэлхүүсэн дээрх эрвээхий зангилаа ба 1950-аад онд моод болж байсан хуниралдсан чимэглэл Carolina Herrera, хавар-зун 2017 оны цуглуулгын гол сэдэл болсон бололтой. Тэгэхдээ хэрэв илүү сайн ажиглавал өөр цаг үеийн нөлөө ч бас харагдана. Зарим нэг хувцаснууд дээр 1950-аад онд огт байгаагүй цээж ил гарсан загварууд орж иржээ. Бас цуглуулгад нэвт гэрэлтсэн торон даавуугаар хийсэн цамцнууд, 1980-аад оны Мадоннагийн клипэнд гардаг шиг цагаан ба хөх өнгийн жийнсэн хүрмүүд багтжээ.

Энэхүү цуглуулга нь бараг бүхэлдээ хар, цагаан гэсэн нэг өнгийн загваруудаас бүрдсэн ба хааяа л нэг хөх жийнсэн оруулга, мөнгөлөг хээтэй таффета даавуу, сонгодог цэцгэн хээтэй торго харагдаж байсан. Ерөнхийдөө бол Carolina Herrera-гийн шинэ коллекци маш оновчтой сонголттой болжээ. Хэрэв өөлөх юм бол бага зэрэг уйтгартай биш гэж үү? Магадгүй сонгодог загвар бүтээдэг Carolina Herrera брэнд эрс өөрчлөлт хийх цаг нь ирсэн байж болох юм. 

цааш үзэх