
Нью Йоркийн загварын долоо хоног эхэллээ: Christian Siriano, хавар-зун 2022
Есдүгээр сарын 8-ны өдөр Нью Йорк хотод хавар-зун 2022 загварын долоо хоног эхэллээ.
Загварынхны хувьд томоохон үйл явдлуудын нэгт тооцогддог Нью Йоркийн загварын долоо хоногийн салхийг хагалж Christian Siriano брэнд цуглуулгаа толилуулжээ. Уг ордны бүтээлч захирал Кристиан Сириано цуглуулгаа гэр бүлийнхээ хуучин зургийн цомгоос санаа аван урласан бөгөөд 2022 онд чиг хандлагыг тогтоох өндөр магадлалтай загваруудыг багтаасан байлаа.
Онцлох загварууд:
Улбар шар
Цуглуулгын дийлэнх хувийг улбар шар өнгийн коктейль даашинз, тэгш бус хэм бүхий хайчилбаруудтай тэйлор хослолууд эзэлжээ. Бүтээлч захирал Кристиан Сириано тус өнгийг номин ногоон аксесуаруудтай хослуулсан нь шинэлэг санаа байсан бөгөөд яг одоо туршиж үзэх хүслийг төрүүлж байлаа.






Ногоон
Уртасгасан, оноотой пиджак, мөргүй, дэрвэгэр даашинз зэргийг урлахдаа энэ жилийн гол өнгөнүүдийн нэг болох ногоон өнгийг сонгон илүү хээнцэр харагдуулах үүднээс атлас материалыг ашиглажээ.





Нэвт гэрэлтэх загварууд
Кристиано Сириано ирэх хаврын хамгийн зоримог загвараасаа хуваалцсан нь нэвт гэрэлтдэг даашинзууд байв. Тэрээр эдгээр загваруудаа урлахдаа хээнцэр хатгамлуудыг оруулсан нь илүү онцгой харагдуулж байлаа.







Цуглуулгад багтсан загваруудыг нийтэд нь дүгнэхэд, дизайнер нэг төрлийн хэв маягийг илэрхийлэхээс зайлсхийжээ. Энэ нь нэг талаасаа цуглуулгыг илүү төрөлжсөн харагдуулж байсан ч нөгөө талаасаа нэгдсэн, цогц санаагаар дутагдаж байсан юм.