Нью Йоркийн загварын долоо хоног эхэллээ: Proenza Schouler, намар-өвөл 2022
Энэ сарын 11-16 хооронд зохион байгуулагдах Нью Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд загвар зохион бүтээгчид шинэхэн цуглуулгаа танилцуулсаар байна. Эхний өдрүүдэд Лазаро Эрнандес, Жек Маккалоу бүтээлч захирлуудаар удирдуулсан Proenza Schouler загварын ордон намар-өвөл 2022/23 цуглуулгаа толилуулсан билээ. Дизайнеруудын хувьд анх Parsons их сургуульд оюутан байхаасаа эхлэн хүчээ нэгтгэсэн бөгөөд энэ жил хамтран ажилласны 20 жилийнхээ ойг тэмдэглэж буйгаараа онцлог юм.
Тэд энэ удаагийн цуглуулгаараа дамжуулан хоёр гаруй жилийн турш үргэлжилж буй “хөл хорионы хувцаслалтыг” халж, илүү хээнцэр, шулуун силуэттэй загваруудаар төрхөө бүрдүүлж эхлэхийг уриалсан байна. Тухайлбал, хөвсгөр хормойтой юбка, ирвэсний хээтэй макси даашинз, ноосон корсеттой загварчилсан хослол, very peri өнгийн саатай свитер зэрэг загварууд нь цуглуулгын ерөнхий санааг илтгэжээ. Мөн дизайнерууд Proenza Schouler-ийн нэрийн хуудас болсон бэлхүүс тодотгосон элементийг түлхүү оруулсан байв. Ялангуяа, гадуур хувцасны гадуур даавуу ороосноор зориуд бэлхүүс тодотгосон онцлог аргачлалыг хэрэгжүүлжээ. Өнгөний хувьд хар, цагаан давамгайлсан ч дулаан шар, нил ягаан, улаан зэрэг намрын өнгөнүүд цуглуулгыг мөн баяжуулжээ.