PFW: Alexander McQueen, хавар-зун 2016
Үлгэр доторх үлгэр
Сара Бертон өмнөх улирал шигээ олон төрлийн хуниас ба торон нэхээстэй үзэсгэлэнтэй даашинзууд танилцууллаа. Энэ удаа өмдөн хослол тайз дээр цөөн хэд л харагдсан бөгөөд өдөр тутамд байтугай улаан хивсний ёслолд хүртэл зоригтой нэг нь өмсөж чадахаар загвартай болжээ. Гэсэн ч өргөн цагаан өмд ба нарийн эсгүүртэй, гэрэлтсэн цагаан даашинзын хослол нь ямар нэгэн залуу сэтгэлгээтэй Холливудын "од"-ын хуримын өмсгөл болж болохоор харагдлаа.
Юутай ч хавар-зун 2016 цуглуулгад мэдээж хэрэг даашинзууд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Үлгэрийн дагины илэрхийлэл болсон загвар өмсөгчид өд, шүр ба торон нэхээсээр чимэглэгдсэн, сүүн цагаан эсвэл хар-цагаан гээд олон төрлийн өнгөтэй даашинзууд өмсөн гарч ирсэн. Дизайнерын хэлснээр тэр уг цуглуулгаараа зөвхөн эмэгтэй хүний энхрий байдал биш мөн хүч чадлыг нь харуулахыг хүссэн аж. Тийм ч учраас хувцаснуудын эсгүүр тэрхүү "хүчирхэг" мэдрэмжийг төрүүлж байлаа.